Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн Банкнаас авсан зээлээр ХХБ болон Улаанбаатар хотын банк дахь зээлийг төлжээ

22 хоногийн хугацаанд

Хөгжлийн Банкнаас зээл аваад төлөөгүй болон шаардлага хангахгүй зээл олгосон албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж буй.

Энэ хүрээнд тус банкны хамгийн өндөр дүнтэй зээлдэгчдийн нэг болох “Кью Эс Си”, “Хөтөл” компанийн авсан зээлээр Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк дахь зээлүүдийг төлж, зориулалтын бусаар ашигласныг АТГ тогтоожээ. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалж баталсан бөгөөд шүүхээр хэргийг эцэслэн тогтоож, прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой гэдгийг хэллээ.

Шалгалтын явцад дээрх хоёр компани ХХБ-тай нэгдмэл сонирхолтой болохыг тогтоожээ. Тодруулбал, “Кью Эс Си” компанийг 2014 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн Банкнаас 71.3 сая ам.долларын зээл авах үед Д.Эрдэнэбилэг ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байсан бөгөөд тэрбээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга юм.

Түүнчлэн Хөгжлийн Банкнаас 2012 оны аравдугаар сарын 10-нд 61.25 сая ам.долларын зээл авсан “Хөтөл” компанийн ТУЗ нь Д.Эрдэнэбилэгтэй нэгдмэл сонирхолтой болохыг мөн тогтоожээ.

Хөгжлийн банканд хийсэн шалгалтын талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл өгөхдөө “Хөгжлийн Банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж уу үгүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Хөгжлийн Банкнаас зээл аваад арилжааны банкны зээлээ төлсөн тохиолдол байна. Хэдэн зуун тэрбум төгрөгийг аваад чанаргүй зээлээ төлсөн байгаа юм” гэдгийг дурдсан.

Хөгжлийн Банк 841 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй 25 найдваргүй зээлдэгчдийг шүүхэд өгсөн талаар нэгдүгээр сарын 20-нд мэдээлсэн бөгөөд үүнээс зургаа хоногийн өмнө “Кью Эс Си” компанийн нэхэмжлэл нь Дээд шүүхээр шийдэгдэж байв.

Тус компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авсан ч зээлээ эргэн төлөөгүй, чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Улмаар нэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүх тус компанийг үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж, 200 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн Банканд төлүүлэх шийдвэр гаргаад буй.

Харин Хөтөл компанийн зээл Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад багтсан байв.

Зээлдэгчийн нэр Олгосон огноо Валют Олгосон дүн (тухайн валютаар) Зээлийн үлдэгдэл (тухайн валютаар) Нийт үлдэгдэл (тухайн валютаар) Нийт үлдэгдэл (төгрөгөөр)
КЬЮ ЭС СИ ХХК 12.3.2014 USD 71,300,000 53,206,368 74,967,579 213,620,116,133
ХӨТӨЛ ХХК 10.19.2012 USD 61,265,000 61,212,461 103,773,397 295,702,295,236
Нийт 509,322,411,369

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *