Categories
арын-нүүр булангууд мэдээ

Би зөвхөн бөхчүүдээс л жудаг хайна

С.Мөнхбат аварга “Та нар яагаад бөхчүүдээс жудаг нэхээд байгаа юм бэ” гэж хэлэхийг сонслоо. Өнөө цагт барилдаж буй цолтой бөхчүүд дотроо чухам овоо жудагтай нь гэлцдэг залуугийн амнаас ийм үг унахаар нь гайхлаа. Би бээр зөвхөн бөхчүүдээс л жудаг хайна. Яагаад гээч. Хүн гэдэг махбод нь заавал нэг зүйлийг шүтэж, жишиж түүн рүүгээ тэмүүлж, өөрийгөө тийм хэмжээнд хүргэх юмсан гэж мөрөөдөж амьдардаг золиг юм. Залуучууд, эрчүүд шинэ зуунд өнгө мөнгө, эрх мэдэл, эд хогшлыг илүү их бишрэх болжээ. Түүнээ дагаад нөгөө монгол эрийн гүндүүгүй зан, үг цөөтэй, даруулгатай, ухаан цэгцтэй, хүлээцтэй байх гээд чанарууд хөсөр хаягдсаар. Ийм шинж чанарыг агуулж явсан, цаашдаа хадгалаад явах болов уу хэмээн горьдол тээх хүмүүс нь энэ цөөхөн хэдэн бөхчүүд маань юм шүү дээ. Халдвартын эмч нарыг хар даа. Хэдэн арван жилийн түүхэндээ тарваган тахлын үед л чимээ нь сонсогдохоос бусад үед нь аниргүйхэн амьдарч байсан тэд сүүлийн хоёр жил түмэн олныхоо өмнө хүлээсэн үүргээ чимээгүйхэн нэр төртэй биелүүлээд сөхөрч унатлаа ажиллаж байгаа биз дээ. Үүнтэй адил нийгмийн өмнө та нарын хүлээсэн бичигдээгүй хууль бий.

Монгол заншил, өв уламжлал, зан араншингийн соёлыг тээж яваа та бүхэн эрх мэдэл, эд мөнгөнд шунаж, хууль зөрчөөд эхлэхээр нөгөө харж баясаж явдаг ард түмэн чинь яах юм бэ. Жудаг гээч нь жирийн үг биш. Энэ бол ховор олдох хариу нэхдэггүй том хариуцлага.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *