Categories
гадаад мэдээ

Донецк болон Луганск ард улсыг хүлээн зөвшөөрөв

Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсын тэргүүн Денис Пушилин, Леонид Пасечник нар бүгд найрамдах улсуудаа тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг В.Путинээс хүсчээ. Үүний дараа Кремльд ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж, зөвлөлийн бүх гишүүд энэхүү шийдвэрийг дэмжиж буйгаа нэгэн дуугаар илэрхийлсэн юм. Үүний дараа Бүгд найрамдах Донецк ард улс болон Бүгд найрамдах Луганск ард улсыг тусгаар тогтносон улсууд гэж хүлээн зөвшөөрөх зарлигт В.Путин энэ сарын 21-нд гарын үсэг зурсны дараа Украины зүүн хэсэгт орших хоёр бүс нутагт энхийг сахиулагчдаа илгээхийг Батлан хамгаалах яаманд тушаав. В.Путин иргэддээ хандан цаг орчим үг хэлэхдээ, БНДАУ, БНЛАУ-ыг тусгаар тогтносон улсуудаар хүлээн зөвшөөрснөө “хожимдсон шийдвэр” гэж нэрлээд парламентаас шийдвэрийг нь дэмжиж, бүгд найрамдах улсуудтай байгуулсан найрамдал, хамтын ажиллагаа харилцан туслалцаа үзүүлэх гэрээг соёрхон батлахыг хүсэв. Мөн тэрбээр “Киевийн эрх барьж байгаа хүмүүсээс байлдааны ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардсан байна. Эс бөгөөс цус үргэлжлэн урсаж болзошгүйн бүх хариуцлагыг Украины нутаг дэвсгэрийг захирагч дэглэм хүлээх болно” гэж анхааруулав. Түүний хэлснээр “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд Орос улс бүхнийг хийсэн бөгөөд тэр дундаа Минскийн гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай байсан боловч энэ нь дэмий хоосон зүйл болов. “Украин НАТО-д элсэж, дараа нь НАТО-гийн цэргийн баазыг энд байрлуулна гэдэг бол цаг хугацааны асуудал” гэж үзэх бүх үндэслэл Москвад бий гэж В.Путин цохон тэмдэглэв. Энэ тохиолдолд Украин нь Барууныхан Орост цохилт өгөх тэргүүн шугам болно. Оросын тал аюулгүй байдлын баталгааны талаар тохиролцох саналыг Вашингтон, Брюссельд 12 дугаар сард тавьж, НАТО-г цаашид дорно зүгт, тэр дундаа Украин руу тэлэхгүй байх, мөн тус улсын нутаг дэвсгэрт цохилтын зэвсэг байрлуулахгүй байхыг шаардсан юм. В.Путины цохон тэмдэглэснээр, эдгээр саналууд үндсэндээ хариултгүй хэвээр байгаа бөгөөд ийм нөхцөлд Орос улс “өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэй. Бид яг үүнийг хийх болно”. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгний бас нэг гол хэсэг нь орчин үеийн Украин улс байгуулагдсан түүх болон Киевийн эрх баригчдын талаарх шүүмжлэлд зориулагдав. “Орчин үеийн Украин улсыг Оросын большевикууд, коммунистууд байгуулсан” бөгөөд тус улс тэр дундаа Оросын түүхэн нутаг дэвсгэрт байгуулагдсан болохыг В.Путин сануулсан байна. Одоо Украинд тус улс “Өөрийн улсыг үндэслэгч, архитектор” Владимир Лениний хөшөөг буулгаж байгаа ч энэ бодлогыг “замаас нь зогсоох шаардлагагүй” ба “Украины хувьд түүхээ устгахаар юу болдгийг харуулахад бид бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ. Украинд “тогтвортой төрт улс” хараахан төлөвшөөгүй авлигад “идэгдэж, зэвэрсэн” бөгөөд одоогийн эрх баригчид нь “улс орныг бүрэн эзэнгүйдүүлж байна”. Украины цэргийн стратеги нь үндсэндээ ОХУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад бэлтгэх явдал бөгөөд саяхан Киев өөрийн гэсэн цөмийн зэвсгийг бүтээхээр заналхийлж байгаа нь “хий хоосон зүйл биш” юм. Москва энэ аюулыг тоомсорлохгүй орхиж чадахгүй” гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

Украины ерөнхийлөгч В.Зеленьский “ОХУ нь Донецк, Луганск мужийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаснаараа Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг зөрчиж, 2014 оноос хойш Донбасст байгаа цэргүүдээ хууль ёсны болгож байна” гэж Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн хурлын дараа мэдэгдэв. “ОХУ-ын энэ үйлдлийг Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн үйлдэл гэж хоёрдмол утгагүйгээр бид үнэлж байна. Эдгээр шийдвэрийн үр дагаврын бүх хариуцлагыг Оросын улс төрийн удирдлагууд хүлээх болно” гэж В.Зеленский хэлсэн байна. Мөн Донецк, Луганск мужийн “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрсөн нь ОХУ Минскийн гэрээнээс гарч, Нормандын дөрвөлийн шийдвэрийг үл тоомсорлосон явдал гэдгийг нэмж хэлжээ. Тэрбээр нөхцөл байдлын талаар Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Олац Шольц, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нартай утсаар ярьсан бөгөөд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай мөн ярихаар төлөвлөөд байгаа аж. Мөн өнөөдөр Украины Гадаад хэргийн яам НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд Будапештийн санамж бичгийн үндсэн дээр яаралтай зөвлөгөөн хийх санал тавьсан гэдгийг В.Зеленьский цохон тэмдэглэв. Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тусгай уулзалт хийхийг уриалсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден даваа гаригт холбоотон улсуудын удирдагчидтай утсаар ярих үеэрээ Украины мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины шийдвэрийг зэмлэн буруушаажээ. “Жо.Байден Украины Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын “тусгаар тогтнолыг” хүлээн зөвшөөрөх ОХУ-ын ерөнхийлөгчийн шийдвэрийг Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үеэрээ эрс зэмлэн буруушаасан” гэж Цагаан ордон мэдэгдсэн байна. Тэрбээр Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Олаф Шольцтой “хариу болгон авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудаа хэрхэн уялдуулах талаар” хэлэлцсэн гэж бас мэдэгдэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден Америкийн иргэдийг ОХУ тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөөд буй Украины зүүн нутгийн хоёр мужтай худалдаа, хөрөнгө оруулалт хийхийг хориглох зарлигт гарын үсэг зурав. Энэхүү зарлиг хамрах бүс нутгаас АНУ-д шууд болон шууд бусаар аливаа бараа, үйлчилгээ, технологи импортлох зэргээр шинээр хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилт хийхийг хориглох ажээ. Зарлигт Минскийн гэрээний дагуу ОХУ-ын өгсөн үүрэг амлалтууд нь Украины энх тайван, тогтвортой байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж, улмаар АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод урьд хожид үзэгдээгүй аюул занал учруулж байна хэмээн тэмдэглэжээ.

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь даваа гаригт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байранд болсон Украины нөхцөл байдлын асуудлаарх шуурхай хурлын үеэр талуудад маргааныг энхийн замаар зохицуулж, хүлээцтэй хандахыг уриалав. Тэрбээр хурлын үеэр “БНХАУ Украин дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдалд холбогдох талууд хүлээцтэй байж, асуудлыг хурцатгах аливаа үйлдлээс татгалзах хэрэгтэй. БНХАУ асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэхийг дэмжиж байгаа ба талууд эрх тэгш, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмаар асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг уриалж байна” гэв. Мөн тэрбээр, Украины нөхцөл байдал өнөөгийн түвшинд хүрч байгаа нь олон тооны нарийн төвөгтэй хүчин зүйлийн үр дүн гэжээ.

Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа, Москвагийн үйлдлийг зэмлэн буруушааж, Киевийг дэмжиж байгаагаа илэрхийлснээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. “Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярьж, ЕЗ Украинтай эв санал нэг байгааг илэрхийллээ. ЕЗ таны талд байгаа бөгөөд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байна. Оросын энэхүү алхам нь олон улсын хууль тогтоомж, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журамд халдсан алхам юм” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Орчуулсан

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *