Categories
мэдээ спорт

Хаяанаас минь холгүйхэн наадсан “Бээжин-2022”

Урд хөршийнхөн олимпийн наадмаа ямар ч атугай дуусгаад авлаа. Тайвань, Уйгарын асуудал, Хонконгийн эсэргүүцэл гэх зэргээс шалтгаалан Америк тэргүүтэй олон орны засгийн газрын түвшин дэх хориг арга хэмжээ, дэлхийг хамарсан ковид өвчинтэй хавсраад 24 дэх удаагийн өвлийн олимпийн “амийг таслах” шахсан ч гэлээ хятадууд элдэв асуудал үүсгэлгүй тун чамбай зохион байгуулж чадсан нь үнэн л юмдаг.

XXIV өвлийн олимпод 91 улс тамирчдаа илгээн долоон үндсэн төрлийн спортын 109 багц медалийн төлөө өрсөлдсөн. ОУОХ өвлийн наадмын спорт төрлүүдийн хүрээг нэмж үзэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ тоог олшруулахын тулд фристайл, шорт трек, трамплины төрөлд шинэ ангилал нэмсэн авч цаг уурын хавчигдмал нөхцөлд нэг төрлийн спортыг дотор нь цаг, зайгаар нь л ихэсгэхээс өөр шинэ санаа гаргаж чадсангүй. Уг нь бөмбөгтэй хоккей буюу бэнди гээд бие даасан жинхэнэ өвлийн спорт бэлхэнээ байдаг ч гэлээ олимпийн хөтөлбөрт оруулахгүй яваад л байх юм. Орчихвол Монголын шигшээ баг гээд одоохондоо гайгүй дээгүүр үзэх баг бий юмсан.

Олимпийн тэмцээнүүд хэрэвзээ хаалттай цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар байвал Бээжин хотноо, задгай талбайд өрсөлдөхөөр байвал Янжин, Жанчхүүд зохиогдлоо.

Ялангуяа өвлийн олимпийн ундаргаас нь эхлэлтэй цанын төрлийн уралдаанууд Жанчхүүгийн даваан дээр уралдаж олимпийн эхний өдрөөс эцсийн өдөр хүртэл нүд хужирлав. Мах цусны минь тасархай Цахар түмний өлгий нутаг, эртний монголчуудын жингийн цувааны өмнөд цэг болох Хаалган хотын ойролцоо олимп болно оо гэдэг чинь ковид байхгүй байсан бол гэрийнхээ таапчиктай алхаж очоод үзчихээд ирэхээр ойрхон байлаа шүү дээ, золиг гэж. Цаг агаар нь хүртэл задгай салхитай, жаахан жавартай, цасан шуурга нь хүртэл малгайлж бус элсэн ширхэгээр асгараад яг л говийн өвлийг санагдуулам. Тийм нөхцөлд уралдаж тэмцэлдэж үзээгүй европынхонд хүндхэн л тусах шиг. Агаарын байдал хасах арван хэмээс жаахан дээшлэхэд хацар хуруу нь хөлдөж заримынх нь бэлэг эрхтэн ч гэмтсэн гэх шиг сонин юмс дуулдаж л байна лээ. Ер нь цаг агаараас шалтгаалан олимпийн тэмцээний цагийг хойшлуулж, уралдах зайг нь багасгаж байсан тохиолдол байдаггүй юм билээ. Бас нөгөө өнцгөөс нь харваас өвлийн спорт гэж нэрлэсэн л юм бол өвөлдөө тааруулаад өрсөлдөх л хэрэгтэй баймаар. Эс бөгөөс Европын дулаан цаг агаартай нутагт цасаа зөөж авчирч хиймэл нөхцөлд нөгөө цасаа “амь оруулж” байгаад уралдсаар дасчихсан нь тун сонирхолтой. Сочигийн олимпийн наадамд цас нь өдөртөө хайлчихдаг тул шөнөдөө шинэ цас “ургуулах” ажил гардаг, тамирчид нь цээж нүцгэн наранд биеэ ээгээд сууж байдаг зураглал зөндөө хараа биз дээ.

Норвегиуд галзуу наадлаа. Зургаахан сая хүн амтай улс олимпийн наадмын оргилд бичигдэн 16 алт, найман мөнгө, 13 хүрэл нийтдээ 37 медаль хүртэнэ гэдэг үнэхээр гайхамшиг. Өвлийн олимпийн наадам зохиогдох бүрт эхнээс нь оролцож, зөвхөн оройд нь бичигдэхээс өөр гаргалгаагүй явсан уг улсыг цана, биатлоноор төсөөлдөг байсан бол сүүлийн үед трамплин, тэшүүр, фристайл, керлинг гээд өөр төрлүүдэд бас цойлоод эхлэх юм.

Хүүхэд байхаас нь эхлээд спортоор хичээллүүлж эхэлдэг, дунд сургууль болгон хажуу бөөрөндөө спорт сургалтын томоохон баазуудтай, тэндээ сургалтын хөтөлбөрт нь тусгасан заавал биелүүлж дуусах ёстой хичээлтэй, сайн багш, хүмүүжүүлэгч заадаг, улс нь хөрөнгө мөнгөөр лут хангадаг байхад Бо, Клэбо, Ульсбюү нар төрдөг л юм байна. Норвегиудыг ганцаарчилсан спортын хүмүүс тул багийн спортоор гавьдаггүй гээд байсан чинь кёрлингийн холимог хос төрөлд мөнгөн медаль авчирч л байна лээ. Ер нь энэ удаагийн олимпийг сайхан чимсэн спорт нь кёрлинг байв.

Тун өрсөлдөөнтэй эцсийн үе хүртэл ялагч нь тодролгүй нэмэлт үеэр ялагчаа тодруулах цаг ч гарч байв. Италийн холимог хосын Стефани Константини, Амос Мозанэр нар чухам энд л аваргалж 2026 онд өвлийн олимп хүлээн авах орны цорын ганц алтан медалийг авчирсан. Тэр тусмаа олимпийн наадамд анх удаа оролцоод шууд алт шүү. Гэтэл Шведийн скип Никлас Эдин дөрөв дэх олимпдоо оролцон байж алтан медалийн эзэн болж байх юм. Урдахь гурван олимпдоо дөрөв, гурав, хоёрдугаар байруудад орж байсан гээд бодохоор шат ахисаар байгаад түрүүлсэн юм уу даа. Их Британийн багийн энэ олимпийн цорын ганц алтыг англи охид авчирсан гэдгийг санавал керлинг тун хөгжилтэй өнгөрчээ.

Уран гулгалтын тухай сайн, мууг олимпийн эхний өдрөөс эхлээд нурштал хэлэлцсэн тул харин орхиё. 15 настай жаахан охиныг арай дэндүүллээ гэх ярианд хачир нэмэхэд дөрвөн наснаасаа эхлэн тэмцээнд оролцож тив дэлхийгээр хэссэн, спортын хатуу хөтүү амьдралаар амьдраад олон жилийг өнгөрөөж буй хүний хувьд 15 нас гэдэг бага биш шүү. 11 настай хүү говийн хатуу цаг агаартай нутагт зуу, зуун малтайгаа ганцаараа дассан сурсан амьдралаараа болоод л байгаа биз дээ. Ялгаа байна уу. Ер нь олимпийн наадмын уран гулгалтын тэмцээнд 17-гоос дээш настай тамирчдыг оруулдаг болгоно гэдэг л зөв шийдвэр болов уу. Үүнтэй адил төстэй шахуу бас нэгэн хов жив хөвөрсөн нь аль эртнээс яригдаж буй хоккейн тэмцээнийг зуны олимпод багтаах асуудал дахиад л өндийж эхэллээ. Ялангуяа Хойд Америкийнхан түлхүү түлхдэг уг санаа нь олимпод НХЛ-ийн шилдэг тамирчид оролцож чаддаггүй, улирлын тоглолтууд жинхэнээсээ манаргаж байхад олимп зохиогдох нь канад, америк залуусаас гадна Европын шилдэг хоккейчид ч халгаатай байна гээд дэмжлэг авдаггүй байсан бол Европ тивийн хоккейн лигүүд сүүлийн үед чангарч эхэлсэн, тэд ч бас тодорхой хугацаагаар олимпоос шалтгаалан улирлын тэмцээнээ түр зогсоодог болсон нь ийм яриа дахин дэгдэх үндэс боллоо. Өвлийн олимпийн ганц манлай нь зун руу гүйчихвэл одоо яана вэ.

Өвлийн XXIV олимп өөр ямар сонин хачин зүйлүүдээр элбэг байв гээч. Төрлийг нь олшруулах боломж хомсодмол тул ангиллыг нь нэмснээс шалтгаалан хосолсон, гурвалсан, бүр дөрвөлсөн алтан медальтан төрсөн олимп байлаа. Йоханнэс Бо (Норвеги, биатлон, дөрвөн алт, хүрэл),

Александр Большунов (ОХУ, цана, гурван алт, мөнгө, хүрэл), Мартэ Ульсбюү-Ройсэланн (Норвеги, биатлон, гурван алт, хоёр хүрэл), Ирэн Схөүтэн (Нидерланд,тэшүүр, гурван алт, хүрэл), Тереза Йохауг (Норвеги, цана, гурван алт) гээд баахан медаль ганцаараа авчихдаг лут тамирчдаас гадна хос алтан медальтан бол зөндөө бий. Зохион байгуулагч орон гэдгээрээ БНХАУ есөн алтан медальтайгаар эхний гурван багт багтсан. Айлин Гу гэдэг Америкт төрж хүмүүжсэн хятад гаралтай бүсгүй хоёр ч алтан медаль фристайлд авчирч өвөө, эмээгийнхээ нутгийнхныг баярлуулсан бол жинхэнэ одууд нь олимпийн сүүлийн өдөр ес дэх алтыг нь авчирсан уран гулгалтын хос Суй Вэнжин, Хан Цун байв. Олон жилийн хөдөлмөр, Суйгийн төрөл бүрийн бэртэл, хэсэг хугацаанд сохорсон, бүтэн жил хэвтрийн дэглэмд амьдарсан гэх мэт давж туулах нь бүү хэл сонсоход хэцүү бэрхшээлийг хотойлгон олимпийн аваргад түрүүлсэн хосууд юм.

Спортоосоо ангид ч гэлээ олимптой холбоотой, үргэлж хамт яригдаж бичигдэж байдаг нэгэн сэдэв нь олимпийн нээлт, хаалтын үйл ажиллагаа билээ. Бээжин хот зуны олимп, өвлийн олимп хоёрыг зохион байгуулж үзсэн цорын ганц хот гэж нэрлэгдэхээс гадна 2008 оны зуны олимпийн соёлын арга хэмжээг энэ удаагийн өвлийнхтэй харьцуулах боломжийг өгсөн. 2008 оны тэр зун хятадууд хүн ба хөрөнгө мөнгөөр “зодсон” лут нээлт, хаалтыг дэлхийд соёрхуулж байсан бол энэ удаагийнх их энгийн. Хамгийн гол нь технологийн шинэчлэлийг түлхүү харуулж дрон, лед гэрэл, 3D-г хэрхэн ашиглаж болох вэ, ногоон эрчим хүчийг түлхүү хэрэглэе гэдэг үзлийг дэлхийд үзүүлэхийг хичээсэн олимп байлаа гэж бодох юм.

Д.Бат-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *