Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2021 онд нийтийн хоолны салбарын орлого өмнөх оноос 8.9 хувиар өсчээ

2021 онд нийтийн хоолны салбарын орлого 661 тэрбум төгрөг хүрч, 2020 оныхоос 8.9 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнд ресторануудын орлого харьцангуй өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Өнгөрсөн онд рестораны салбарын орлого 381 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь цар тахлын өмнө үе буюу 2019 оныхоос 2.5 хувиар бага үзүүлэлт болж байна.

Нийтийн хоолны салбарын орлого ийнхүү нэмэгдсэнийг өнгөрсөн хавраас цар тахлын хязгаарлалтууд харьцангуй суларсантай холбон тайлбарлаж болохоор байгаа юм. Тухайлбал: ресторанууд 2021 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн 00.00 хүртэл цаг ажиллах цагийн хуваарьт орж байв.

2021 онд нийтийн хоолны салбарын орлого өмнөх оноос 8.9 хувиар өсжээ

Үүнээс гадна өнгөрсөн оны 12 дугаар сард дотоодод Шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэсэн нь нийтийн хоол, зочид буудлын салбарт эергээр нөлөөлжээ. Тухайлбал: 12 дугаар сард зочид буудлын салбарын орлого 47.4 тэрбум төгрөг хүрсэн байна. Энэ нь 11 дүгээр сартай харьцуулахад 77 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Зочид буудлуудын орлого 12 дугаар сард ийнхүү өссөнийг Шинэ жилийн баяртай холбон тайлбарлаж болохоор байна.

2021 оны дүнгээр харвал зочид буудлын салбарын орлого 230.2 тэрбум төгрөг хүрч, 2020 оныхоос 25 хувиар өсөөд байна. Ялангуяа гурав ба түүнээс дээш одтой зочид буудлын орлого 22 орчим хувиар нэмэгджээ.

Засгийн газраас энэ сарын 15-наас эхлэн цар тахлын үеийн хязгаарлалтуудыг цуцалж, баар, рестораныг 05.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрсөн юм. Ингэснээр 2022 оны эхний улиралд тус салбарын орлого цар тахлын өмнөх үе рүү дөхөх боломжтой болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *