Categories
мэдээ цаг-үе

06:00-07:00 цагт замын ачаалал 23 хувиар өсчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр ЕБС-ийн хичээл эхлэх болон тарах цагт оруулсан зохицуулалтын талаар хэлэлцжээ.

Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөөний байдлаар Нарны зам дагуух сургуулиудын хичээл адил цагт эхэлж байгаагаас түгжрэлийг бууруулахад нөлөөлж чадахгүй байна гэсэн байр суурийг илэрхийлэв. Тухайлбал, Нарны зам дагуух сургуулиуд болох Сант, Орос III, 31 дүгээр сургуулийг зорьсон хөдөлгөөний ачаалал буурсангүй гэсэн юм. Өмнөх хоёр жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль хөл хориотой байсан бөгөөд үндсэндээ 340 мянган тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг албаны эх сурвалж тодотгож байлаа.

ЕБС-ийн хичээл эхлэх цагийн зохицуулалтыг нийслэлийн хэмжээнд туршилтын журмаар хэрэгжүүлж буй бөгөөд цаашид уян хатан байдлаар хэрэгжүүлж, үр дүн өгөхгүй байгаа газруудад өөрчлөлт оруулах бүрэн боломжтой шийдвэр гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа.

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өмнөх долоо хоногийн даваа гарагийн түгжрэлийн оргил цагийг өнөө өглөөний оргил цагтай харьцуулжээ. Өглөөний 06:00-07:00 цагт замын ачаалал өмнөх хоногоос 23 хувиар өссөн бол бусад цагуудад 17-21 хувиар буурсан байна. Цагийн зохицуулалттай холбоотойгоор энэ долоо хоногийн турш тодорхой байршлуудад ажиглалт хийж, бусад үетэй харьцуулсан судалгаа хийнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *