Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.
-Та сайхан хаваржиж байна уу, одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна. “Гэм зэм” жүжгээс өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Одоогоор найруулагч М.Батболдын найруулга дор Английн зохиолч Майк Бартлеттийн “Love love love” жүжгийн гол дүрд ажиллаж байна. Энэ жүжиг гуравдугаар сарын 28-наас тоглоно. Ф.М Достоевскийн хоёр зуун жилийн ойн хүрээнд бүтээсэн “Гэм зэм” жүжиг үзэгчдийн хүсэлтээр гуравдугаар сарын 4-27-ны хооронд тоглохоор болсон. Үзэгчдийн хүсэлт учир зайлшгүй тоглох ёстой, мөн өмнө нь 100 мянган төгрөгөөр тоглож байсан бол энэ удаа 50 мянган төгрөгөөр тоглох гэж байна. Чанар, тоглолтын өөрчлөлт байхгүй, гол дүрүүд маань бүгд хэвээр, туслах дүрд тоглож байсан хоёр хүн өөрчлөгдсөн.
-Жүжгийг хэр удаан бэлтгэсэн бэ?
-Наймаас арваннэгдүгээр сар хүртэл гурван сар ажилласан.
-Бусад жүжигтэй харьцуулахад гурван сар урт хугацаа юу?
-Энэ бол постдрамын жүжиг, монголоор чөлөөт сэтгэлгээ гэх юмуу даа. Мань мэт нь ойлгохгүй жаахан удсан (инээв). Учир нь би чинь социализмын үеийн “Соц” реалист урлагийн бүтээгдэхүүн шүү дээ. Реализм бол буруудах юм байхгүй.
-Та жүжгээ удаан ойлгосон гэв үү…
-Тийм, найруулагчтайгаа олон цаг ярьж сууж, нэлээд цаг зарцуулж байж ойлгосон. Өөрөөр хэлбэл М.Батболд гэдэг найруулагчийн төгссөн сургуулийг Төмөрбаатар гэдэг хүн энэ жүжгээр бага ч гэсэн төгслөө гэж ойлгож байна. М.Батболд “Гэм зэм” жүжгийг тавьснаараа, бид тоглосноороо, үзэгчид үзсэнээрээ Монголын урлагт цоо шинэ шугам гарч ирж байна. Энэ шугам Монголын урлаг, тэр дундаа тайзны урлаг шинэчлэгдэх ёстойг хэлж өгч байгаа юм. Хэзээг хүртэл 1950, 1960-аад оны үеийн хэлбэрээр байх юм бэ, жүжигчид, найруулагчид үүнийг ойлго, сонго гэдгийг хэлж байна.
-Та жүжгийн дүрийнхээ гол утга, агуулгын талаар ярихгүй юу?
-Уг жүжгийн хувьд би баян чинээлэг газрын эзэн, Дуня гэдэг бүсгүйд дурлаад эхнэрээ бас бус хүмүүсийг хорлож байгаа дүрд тоглосон. Амьд ахуй насандаа өөрөө хор хийгээгүй ч, хортой нөлөөтэй явсан хүн. Сүүлд нь надаас болж хүмүүс ийм байдалд хүрсэн юм байна.
Ер нь муу нэртэй, муухай зүстэй хүн дурлаж болдоггүй юм уу. Тэр хүн хайрлуулахыг хүсэхгүй байна гэж үү, та нарын дунд эхээсээ төрсөн шигээ цэвэр ариун хүн бий юү, та нар хүнд хайрлуулах гавьяатай хүмүүс мөн үү, бүгд нүгэлтэй улсууд шүү дээ, яг надтай ижил. Чи нүгэл хийсэн бол тэр нүглийнхээ төлөөсийг төлөх ёстой, миний хувьд нүглийн төлөөс маань их том учраас би өнөөдөр энэ амьдралаас явах ёстой, ийм л дүр.
-Жүжигт залуу жүжигчид олон харагдсан. Залуустай хамт ажиллахад тэдний хандлага ямархуу байна?
-“Гэм зэм” жүжигт хамгийн ахмад жүжигчин нь байлаа. Залуу жүжигчдэд хэлж ярих зүйл маш их байсан, хэрээрээ л тусалж, дэмжиж найз нөхөд шиг, эхнэр нөхөр шиг, аав, хүү хоёр шиг гээд атгасан гар шиг л байж энэ жүжгээ гаргасан. Нэг дүр нь тайзан дээр ажиллаж байхад бусад нь бодлоо хэлж найруулагчтайгаа яриад тэр дундаас дүрийнхээ гол шугамыг гаргаж ирдэг. Жүжигчин хүн гэдэг найруулагчийн өмнө баримлын шавар байх ёстой гэдэг л дээ. Баримлын шавраар найруулагч ямар дүр бүтээнэ тэр рүү л явна, жүжигчин хүн зөвхөн дотор нь юу байгаа вэ гэдгийг л гаргах ёстой.
-Сүүлийн үед кинонд тоглож байна уу?
-Өнгөрсөн онд хоёр кинонд тоглосон. Нэг нь “Миний муу найз” гэдэг киноны гол дүр, нээлтээ хараахан хийгээгүй. Халх голын сангийн аж ахуйд зургийг нь авсан. Малчин хоёр найз өвгөн, тэд гурван хүү, гурван охинтой. Өсөхөөсөө өтлөх хүртэл хамт байгаа ч яриа нийлдэггүй ёдор өвгөчүүл. Миний гурван хүү, танай гурван охиныг тоохгүй ээ, миний гурван охин ч танай гурван хүүг тоохгүй ээ гэж ярьсаар киноны төгсгөлд зургуулаа хоорондоо суугаад, нэг нь алуулах шахаад яг тэр мөчид би чамд хайртай шүү дээ, чи насаараа хамт байчихаад намайг орхиж яваад байхдаа яадаг юм, явбал хамтдаа явна гэж ярьдаг биз дээ гээд уйлаад сууж байгаа өвгөчүүлийн нөхөрлөлийн тухай кинонд ажилласан.
-Таны хувьд дэлгэц, тайзны уран бүтээл юугаараа өөр вэ?
-Тэс өөр шүү дээ, хамгийн наад зах нь амьд ба амьд бус харилцаа. Дэлгэц дээр болоод өнгөрсөн юмыг л хараад байгаа, харин тайзан дээр жүжигчинтэйгээ хамт уйлж, дуулж, гасалж, инээдэг. Тийм учраас жүжигчин үзэгчдийг байлдан дагуулахад илүү дөхөм байдаг. Кинонд тоглоход хариуцлага өндөр. Бага зэргийн алдаа гарахад л засч болохгүй.
-Нэг жүжгээ өдөр бүр анх удаа тоглож байгаа юм шиг тоглоход ямар нэг “жор” байдаг уу?
-Зүгээр л өнөөдрөөрөө тоглодог. Өнөөдөр миний сэтгэл зүй, оюун ухаан, орчин тойрны болж буй үйл явдал ямар байгаагаар л тоглодог. Би өнөөдөр тоглоод маргааш үхчихэж магадгүй.
-Киноны саналууд ирж байна уу?
-Сүүлийн үед нэлээд санал ирж байгаа. Гоо сайхны мэс засалд ороод удаагүй болохоор энэ жилдээ кинонд тоглохгүй.
-Гоо сайхны мэс засалд орох шийдвэрийг гаргахын тулд удаан бодсон уу?
-Үрчлээгээ хараад нэг татуулчих юмсан, арилгах арга байдаг болов уу гэж боддог л байсан, нэг их удаан бодоогүй ээ. Эмнэлэгтэйгээ хамтраад Төмөрбаатар гэдэг хүнд бүрэн капитал засвар хийнэ гэж зорьж байгаа. Ганцхан нүүр царай ч биш зүрх судас, бөөр, элэг, түрүү, нойр булчирхай, хүзүүний арьс татуулах, хөмсөгний үс суулгах, шүд цайруулах гэх мэт бүх эрхтэнг орчин үеийн техник, эмчилгээний аргаар капитал засварт оруулна гэсэн юм. Би үүнд их дуртай байгаа.
-Таны охидоос урлагийн салбарт орж байгаа хүн бий юү?
-Том хүү Т.Анар найруулагч, жүжигчин, охин Т.Энхжин маань бүжигчин. Эхнэртэйгээ ханилаад гурван хүүхэдтэй болсон. Том охин маань олон улсын эдийн засагч, дундах нь одоо төгсөх анги. Жүжигчин болно, бэлтгэж байгаа. Бага хүү маань есөн настай. Өөрөө бол цагдаа болно л гэдэг юм, яг мэргэжил сонгоход яахыг таашгүй. Би бол жүжигчин болгох юмсан гэж боддог.
-Удмаа таслах ёсгүй гээд үү?
-Тэгэлгүй яахав, гэр бүл гурван үеэрээ урлагийн төлөө зүтгэнэ гэдэг ховорхон завшаан. Би дүү Ц.Төмөрхуяг, эгч Ц.Уртнасангаараа бахархдаг. Миний эгч бол мундаг төгөлдөр хуурч эмэгтэй. Бидний аав ч гэсэн ямар мундаг хүн байсан билээ дээ. Тиймээс энэ хүний нэр төрийг унагахгүй юм шүү гэж хичээж, эзэмшсэн мэргэжлээрээ ард түмнээ баясгая л гэж боддог. Эцэг хүнийхээ хувьд “Үр хүүхдүүдээ зөв яваарай. Чиний ард ийм удам байгаа шүү. Тийм удмын хүн шүү” л гэж захидаг.
-Том хүүдээ урлагийг санал болгосон уу?
-Манай хүү уг нь барилгын инженер мэргэжилтэй. Сургуулиа төгссөн жил цэрэгт явж ирээд “Аав аа, би жүжигчин болмоор байна. Миний судсаар өвөөгийн цус гүйгээд байх шиг байна” гэж ярьж байсан юм. Гэтэл удалгүй “Улаан эрэг” гээд кинонд айхтар тоглосон байсан. Тэгээд л найруулагчаар сурсан. Төгсөөд гурав дахь киногоо хийчихэв үү дээ.
-Энэ жилдээ кинонд тоглохгүй гэлээ. Мэс засалд орчихоод яг ийм киноны ийм л дүрд тоглоно гэсэн зорилго байв уу?
-Байхгүй, өөрөө хийнэ гэж бодсон хэд хэдэн кино төсөл бий. Бөх, архины тухай болон баримтат хоёр ч кино байна. Өөрөө дүрс гарахгүй юм чинь киноны ард найруулж болно. Өвгөнөөс өөр залуу дүрд, залуу наснаасаа ч илүү эрч хүчтэй ажилламаар байна. Хүмүүс муу хэлж л байна лээ. Яахав ээ, би өөрийнхөө биеийг л аятайхан болгочихъё гэсэн болохоос тэр хүний биеийг янз бүр болгоё гээгүй. Би 20-той болъё гээгүй. Би 60 гарсан хүн яагаад 40, 50-тай юм шигээ байж болохгүй гэж. Би хөгширч үхмээргүй байна. Би цэл залуугаараа байж байгаад үхмээр байна.
-Таныг анх жүжигчин болж байх үеийн ахуй амьдрал одоогийнхоос ямар ялгаатай байна вэ?
-Цаг үе ч гэсэн өөр, би чинь 1978 онд төгссөн социализмын үеийн жүжигчин шүү дээ. Олон театртай байлаа, хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр орж байсан. Хэн илүү хөдөлмөрлөж байна, тэр илүү цалинтай байсан. Одоо бол бараг гуйж байж хэдэн төгрөг олж авдаг болж. Социализмын үед юунд ч санаа зоволтгүй ажиллаж болдог байсан. Өнөөдөр үхтлээ ажилласан ч цалингаа авч чадахгүй байна. Би социализмыг магтаад байгаа ч юм биш, гэхдээ нийгмийн өөрчлөлтүүд дунд монголчууд маань хөгжиж чадна л гэж итгэж явдаг.
-Соёлын яамтай болсон. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Соёлын яамтай л болсон доо, өөр юу ярихав дээ. Мэргэжлийн бус хүмүүс юу ч хийж чадахгүй, яг юу хөгжүүлэх гэж байгаагаа ч ойлгоогүй хүмүүс сууж байна.
-Монголын урлагийн салбарын хөгжлийг хэр түвшинд байна гэж хардаг вэ?
-Маш муу. Ухамсар дутагдаж байна, зүгээр карьер хөөгөөд л гүйгээд байгаа болохоос урлагаа хөгжүүлье гэсэн хүн алга. Хамгийн гол нь дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгтэй ижил. Толгой дээр сууж байгаа хүмүүс нь юугаа ч мэдэхгүй байхад яах юм бэ.
-Залуучууд таныг ахмад жүжигчин гээд түрүүлээд явдаггүй. Оройтсон ч хамт байж л байдаг гэж ярьдаг юм билээ. Таны насны уран бүтээлчид ажил, амьдралынхаа тэнцвэрийг яаж барьдаг юм бэ?
-Хуучин цагт бол уран бүтээлээ нэгдүгээрт, ар гэрээ хоёрдугаарт гэдэг байлаа. Манай гэр бүлийн хувьд 27 жил амьдарсан, эдийн засгийн хувьд тэнцвэртэй болчихоор хүнд санаа зовох зүйлгүй болчихдог. Мэдээж ажлаа тараад гэртээ очлоо, аав, хань хүний үүргээ биелүүлнэ. Ерөнхийдөө өдөр нь ажилдаа, орой нь гэртээ л байдаг.
-Зарим кинонд санхүүжилт олдохгүй удаж байхад зарим кино төрөл жанраасаа хамаараад арай хурдан санхүүжилттэй болдог юм шиг?
-Чанартай бүтээл хийхийн тулд санхүүжилт өндөр байх ёстой. Дутуу дулимаг бүтээлийг, зарим залуус 20, 30, 60 сая төгрөгөөр хийж байна. Кино гэдэг тийм өчүүхэн зүйл биш л дээ.Ийм тулдаа л манайхан ядуу байгаа юм. Ядаж хоёр хөршөө хар л даа. ОХУ-д нэг киноны гол дүрд тоглоход байр, машинтай болчихдог. Манайх бол өчүүхэн. Киноны зураг авалт эхлэхэд авсан урьдчилгаа кино бэлэн болоход дуусч, дараагийн өр тавигдчихсан л байдаг. Ийм байхад яаж баян тансаг амьдрах юм.