Categories
мэдээ нийгэм

МАН: Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон гишүүдээс тайлбар авна

МАН-ын хяналтын ерөнхий хороо өнөөдөр хаалттай хуралдлаа. Ёс зүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн хурлын шийдвэрийг тус хорооны дарга Б.Баярбаатар танилцуулсан юм. Тэрээр “МАН-ын хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, МАН-ын 30 дугаар их хурлаар МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага ёс зүйтэй холбоотой заалтуудын нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаарх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

МАН-ын 30 дугаар их хурлаар

  • МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэргээр буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй болгосон.
  • МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд МАН-аас түдгэлзэх хүсэлтээ 30 хоногийн дотор өөрийн хүсэлтээр илүүлдэг заалт орсон. Өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд хяналтын ерөнхий хороо хуралдаж, түдгэлзүүлдэг болсон.
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд намын гишүүнээс гарсанд тооцох шийдвэр гаргадаг тооцох шийдвэр гаргадаг гэсэн гурван ёс зүй сахилга, хариуцлагын өөрчлөлт орсон.

Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгэсэн. Энэ цагаас эхлээд МАН-ын дүрэм мөрдөгдөж эхэлсэн.

Өнөөдрийн хуралдаанаар албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй байгаа зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. Нэр дурдвал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо.

Хэрэгт холбогдоод, хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй намын гишүүдийн асуудал яригдаж байна. Тэдгээр хүмүүс дүрмийн дагуу 30 хоногийн дотор намаасаа түдгэлзэх хүсэлтээ ирүүлэх учиртай. Энэ 30 хоногийн өнөөдрөөс эхлээд тоолно. Яллагдагчаар татсан тохиолдолд түдгэлзэх хүсэлтээ өөрөө гаргасан гэсэн үг.

Түүнчлэн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал дээр манай намын нэр бүхий гишүүд холбогдоод байгаа. Өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллагаас нэр холбогдоод байгаа хүмүүсийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. МАН-ын хяналтын ерөнхий хорооноос хууль хяналтын байгууллагуудад албан хүсэлт явуулахаар шийдвэрлэсэн. Мөн хяналтын ерөнхий хороо бол улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байгууллага учир Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нэр холбогдоод байгаа намыг гишүүдээс албан тайлбар авах шаардлага үүссэн. Тиймээс тогтоол баталж, ажлын гурав хоногт багтаж албан тайлбар ирүүлэхийг үүрэг болгосон” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *