Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн удирдлагууд 2022 онд Улс, Нийслэл, дүүргийн төсвөөр хийж хэрэгжүүлэх ажил болоод “Хөгжлийн Зураглал – 2030” баримт бичгийн сонсголыг хийж санал бодлоо солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан хэлэхдээ “Бид түүхэндээ анх удаа Баянзүрх дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж дуусах шатанд орлоо.
Баримт бичигт Баянзүрх дүүрэгт 2030 он хүртэл улс, нийслэл, дүүргийн төсвөөр эрүүл мэнд, нийгэм, ногоон хөгжил, боловсрол, авто зам, дэд бүтэц зэрэг бүх салбарт хийгдэх ажлуудыг тодорхойлж өгсөн. Тиймээс бид бүх шатандаа нэг зүгт харж, бодлогын баримт бичгийн дагуу ажиллахад Баянзүрх дүүрэг нийслэл хотод манлайлах бүрэн боломжтой” талаар хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ “Өмнө нь УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн удирдлагуудтайгаа ингэж уялдаатай ажллаж байсныг мэдэхгүй. Баянзүрх дүүргийн удирдлагууд ажлаа бүх шатанд тайлагнаж, нээлттэй ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Бид бүх шатандаа ингээд хамтраад, төлөвлөөд явахад хөгжлөөрөө хоцрогдсон дүүрэг гэх тодотгол ард үлдэнэ” гэдгийг онцолсон юм. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Нийслэл, дүүргийн зарим төлөөлөгч, удирдлагуудын зүгээс хийх бүх шатанд ажлаа маш сайн төлөвлөж чадсан. Харин одоо бид гүйцэтгэлд хяналт тавьж, мэдээллээ хурдан солилцож ажиллах шаардлагатай талаар хэлсэн. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгч удирдлагуудын санаачлан хэрэгжүүлж буй “Хөгжлийн зураглал – 2030” баримт бичгийн баг бүрэлдэхүүнд Засгийн газраас барьж буй “Алсын Хараа – 2050”, Нийслэлийн Засаг даргын багаас барьж буй “Улаанбаатар – 2040” хөгжлийн төлөвлөгөө, баримт бичгийг хийж гүйцэтгэхэд оролцсон мэргэжлийн баг хамт олон байгаа.
Энэхүү боловсруулагдаж буй баримт бичиг нь дүүргийн түүхэнд анх удаа 2030 он хүртэл дүүргээ хөгжүүлэх ажлыг эрэмбэлж, иргэдийн санал асуулга, мэргэжлийн баг хамт олны судалгаанд үндэслэгдэн боловсруулагдаж байгаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.