МАН-ын хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ 11.00 цагаас ХААЛТТАЙ хуралдахаар товлоод байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн.
Хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж болзошгүй байна.
Одоогоор эл асуудалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Анандбазар, Х.Ганхуяг, С.Амартүвшин, С.Бямбацогт нарын нэр холбогдоод байгаа билээ.
Хоёрдугаар сарын 11-нд болсон “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар “МАН авлига, албан тушаалын хэрэг болон бусад гэмт хэрэгт холбогдсон нь хууль, хяналтын байгууллагаар тогтоогдоод, шалгагдаж эхэлсэн бол намын гишүүнээс түдгэлзүүлэхээр болсон. Энэ дагуу ёс зүйн алдаа дутагдал гаргасан бол зээлээ төлсөн төлөөгүй байх нь хамаарахгүй хариуцлага тооцно” хэмээн ярьж байсан билээ.