Categories
мэдээ спорт

Норвегийн тод бөгөөд цэц магнай

Мартэ Олсбюү-Рөүсэланн хэмээх 31 настай норвеги бүсгүй бий. Камила Валиевагийн шуугиан дунд түүний амжилт жаахан замхраад болдоггүй ээ. Уг нь өдийд түүний тухай л шуугьж байх ёстой юм л даа. Нас нэлээн хэвийсэн хойноо олимпийн аварга болсон, болох болохдоо гурван өөр төрлөөр аваргалсан, хурдан гулгадаг, цэцэн бууддаг, аль ч талаас нь харваас яалт ч үгүй скандинав царайтай уг бүсгүйг өнөөдөр онцолъё.

Мартэ анхнаасаа л, бага балчир наснаасаа л цана углаж, буу мөрлөөд бусдыг гайхуулсан амжилт үзүүлээд эхэлсэн гэвэл асар худал. Ер нь амжилт гаргаад буй цанын төрлийн тамирчдаас арай өөр замналтай бүсгүй билээ. Тусгай хөтөлбөртэй спортын сургуульд сурч байсан түүнийг төгсөх жилд багш нь үнэлэхдээ дундаас жаахан дээгүүр оноо өгсөн байдаг юм. “Тэр үед надад бусдыг гайхуулахаар сайн чанар их ховор байсан тул багш гурав, дөрвийн хооронд эргэлзэж байгаад туранхай дөрөв тавьсан юм билээ. Ангийн хүүхдүүд тав, зургаа гэсэн үнэлгээ авч байхад шүү дээ. Зохион байгуулалт байхгүй, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй гээд муугийн жишээ байж дээ” гэж 15 настай байх үеийнхээ тухай Мартэ дүгнэсэн байдаг. Норвегийн цанын төрлийн шигшээ багийнхны талаас илүү хувь нь ийм насан дээрээ аль хэдийнэ од болчихсон ирээдүйгээ тодорхойлоод явж байсан гээд бодвол Олсбюү их хоцорсон байгаа биз. Тэгвэл оройхон гараад ширүүхэн дайрсан түүнд юу нөлөөлөө вэ.

Аав нь. Чухам аав нь түүнийг биатлонд үлдэхэд нөлөөлсөн. “Тусгай сургуульд ороод эхний хагас жил биатлоныг үнэхээр үзэн ядаж байлаа. Гандбол тоглох харин гоё санагдаад л. Аав маань чи жаахан тэсчих л дээ гээд байсан тул хичээж байгаад нэг мэдсэн чинь энэ спортод дурлаад эхэлсэн байна лээ” гэж тэр хожим ярьсан. Бас тамхи татна.

Хагас жил хэртэй аавдаа загнуулж, бэлтгэлд нухуулж байж гэмээнэ тэр хорт зуршлаасаа хагацлаа. Тэгж байтал түүний амьдралд Рогэр Груббин хэмээх хашир туршлагатай дасгалжуулагч орж ирээд бүсгүйг чангалж эхэлж дээ. “Эхэндээ Рогэрээс хачин их айдаг байлаа. Цагаа зөв баримталж, хэлсэндээ хүрч бай, зохион байгуулалт чинь хэрэг алга гээд л загнаад л чангалаад л. Хөмсөг зангидсан ширүүн багш. Одоо тэр чинь зүгээр л бялуу мэт зөөлхөн хүн шүү дээ. Хүүхэд байхад хичнээн ширүүн байсныг хэн ч мэдэхгүй. Түүнтэй хамтарч ажиллаж эхэлсэн эхний хагас жил их зүйлд сургасан” гэж багшийгаа магтдаг. Харин багш нь “Тэр угийн л өрсөлдөх дуртай охин байсан. Өөрөө түүнийгээ ойлгодоггүй, жаахан шартай, хожигдох ялагдах үед нь сайн хурцалж байх хэрэгтэй хүүхэд байсан юм” гэсэн байдаг. Түүнчлэн хүүхэд байхдаа хэт их ачаалал авч дарамтад ороогүй нь түүнийг нас бие гүйцсэн хойноо амжилт гаргах үндэс болсон гэж ч ярьдаг. “Би өөрийнхөө давуу талыг бусдаас тогтмол хоцорч явсан хүүхэд насны үе гэж боддог. Би хэзээ ч шилдэг нь байгаагүй. Тийм учраас хэний хэмжээнд хүрэх ёстой вэ гэдгээ мэдэж түүн рүүгээ тэмүүлэх зорилготой байсан нь намайг энд хүргэсэн гэж боддог” гэж олимпийн аварга маань өгүүлжээ. Тэр 15 наснаасаа эхлэн биатлон сонирхож гуч дөхөж явахдаа анхны амжилтаа “үнэрлэж” эхэлсэн. Харин гучин насны босго давсан хойноо жинхэнэ од болж эхэлж байгаа юм. 2020 оны ДАШТ-ээс шууд долоон медаль авсны тав нь алт. Биатлоны бүх төрлөөр нэг удаагийн ДАШТ-д бүгдэд нь медаль хүртсэн цорын ганц тамирчин гэж өргөмжлөгдөөд л. Бээжингийн олимпод түүнийг алт авах нь ойлгомжтой, харин хэдийг вэ гэж ярьж байлаа. Гэтэл тэр холимог буухиа, 15 км-ийн гарцаарчилсан, 10 км-ийн дагах уралдаануудад түрүүлээд олимпийн гурван алтан медальтай болчихоод байна. 15км-ийн гарцаарчилсан уралдааны хүрэл медалийг бас нэмж болно. Сердалийн цанын дунд сургуульд сурч байхдаа танилцсан Рөүсэланн гэдэг залуутайгаа гурван жил үерхэж байгаад 18 хүрээд гэрлэж өөрийн овгоо Мартэ Олсбюү-Рөүсэланн хэмээн хамтатган бичих болсон норвеги бүсгүйн тухай товч өгүүлэхэд ийм байна.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *