Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 5981 хүн хавдраар оношлогдсоноос 4559 хүн хорвоог орхижээ

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд нийт хүн амыг хамруулах талаар ЭМЯ-наас өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд өнгөрсөн жил 19 сая хүн хавдраар өвчилж, 9.9 сая хорт хавдрын улмаас нас баржээ. Тэгвэл Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар оношлогдож, 4559 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхив. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна гэсэн харамсалтай тоон мэдээг ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа танилцуулав.

Манай улсад 100 мянган хүн ам тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж байгаа ба энэ өвчин өртөж буй иргэдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байна. Улсын хэмжээнд 24 мянган хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтад эмчилгээ, тусламжаа аваад явж байна.

Монгол Улс дэлхийн 185 орноос элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлж байгаа ба сүүлийн 15 жил энэ үзүүлэлт буурахгүй байгаа нь эмгэнэлтэй.

Хорт хавдар нь осол гэмтэл, халдвар өвчин шиг биед гэнэт бий болдоггүй. Хорт хавдрын суурь хүний биед 15-30 жилийн өмнө үүсдэг учир сэргийлэх бүрэн боломжтой өвчин гэж үздэг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж, бодлогоор дэмжиж байна. Иргэдийг Эрүүл мэндийн даатгалаар эрт илрүүлэгт тэгш хамруулах зорилгоор 2022 онд Улсын төсөвт 60.8 тэрбум төгрөг суулгажээ. Энэ бол та бидний эрүүл мэндээ хамгаалах, хавдрын суурь байвал эрт эмчлүүлэх боломжийг бүрдүүлж буй хөрөнгө оруулалт юм.

Хорт хавдрын эрт илрүүлгийг амжилттай хийж чадвал ийм шалтгаант нас баралтыг 35-60 хувиар бууруулна гэсэн тооцоолол хийжээ. Монголд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар нийт хавдрын 75 хувийг эзэлж байна. Эдгээр хавдрыг эрт илрүүлэх бүрэн боломжтой аж.

Хорт хавдар үүсэх шалтгаан:

  • Насжилт
  • Хүрээлэн буй орчны сөрөг нөлөө
  • Төрөл бүрийн халдвар
  • Архи, тамхины зохисгүй хэрэглээ
  • Таргалалт
  • Хөдөлгөөний хомсдол гэх мэт…

2021 ОНД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР 312 ХҮН ОНОШЛОГДЖЭЭ

Умайн хүзүүний хорт хавдраар 2021 онд 312 хүн оношлуулсан нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны хоёрдугаарт, тохиолдлын тоогоор нийт хорт хавдрын тавдугаарт эрэмбэлэгджээ. Энэ хавдрыг үүсгэгч гол шалтгаан нь бэлгийн замаар дамжих папиллома вирусийн халдвар юм. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 98 хувь нь маш аюултай папиллома вирусийн халдвар авсан байдаг.

Умайн хүзүүний хорт хавдар нь 20-иос доош насныханд тохиолдох нь ховор. 30 наснаас энэ өвчинд өртөх магадлал нэмэгддэг ба 50-иас дээш насныхан маш эрсдэлтэй бүлэгт ордог байна. ДЭМБ-аас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдаргүй болох, 100 мянган хүн амд энэ өвчлөлийг дөрөв болгон бууруулах зорилт дэвшүүлжээ. Үүний тулд:

  • Бэлгийн харьцаанд ороогүй 9-15 нас охидыг хүний папилома вирусийн /ХПВ/ эсрэг вакцинжуулалт хийх
  • 35-45 насны эмэгтэйчүүдийг ХПВ илрүүлэх шинжилгээнд хамруулах зэрэг санаачилгаа өрнүүлж, улс орнуудыг энэ чиглэлд идэвхтэй ажиллахыг уриалж байна.

ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд папиллома вирусийн эсрэг вакциныг 9-13 насны охидод хийж эхэлжээ. Энэ нь ДЭМБ-аас баталгаажсан 4 цэнт вакцин хийх бөгөөд I тунг хийлгэснээс хойш хоёр сарын дараа II тунг хийлгэж, эхний тунгаас зургаан сарын дараа III тунг хийлгэснээр дархлаа тогтоно.

ХӨХНИЙ ХОРТ ХАВДАР УДАМШДАГ

  • Хөхний хорт хавдар удамшдаг. Хэрэв таны ээж, эмээ хөхний хорт хавдраар өвчилж байсан бол та өөрийгөө өндөр эрсдэлтэйд тооцож, урьдчилан сэргийлэх үзлэгт орох шаардлагатай.
  • Ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар Монгол Улс дэлхийн 185 орноос мөн л нэгдүгээрт эрэмбэлэгджээ. 40 настай хүн эрүүл мэндийн даатгалаараа нэг удаа ходоодоо дурандуулах хэрэгтэй. Хэрэв эмгэг болон хавдрын шинж тэмдэг илрээгүй бол 50 наснаас дээш хоёр жилд нэг удаа дурандуулаад явахад ходоодны хорт хавдраас сэргийлэх бүрэн боломжтой гэж Т.Ундармаа эмч зөвлөв.
  • Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С, Д вирусийг илрүүлэх шинжилгээг орон даяар явуулсан. Вирусийн халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад орох, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээрээ эмээ авч тогтмол уух зэргээр эмчилгээний арга техник нь тодорхой болоод байна. Элэгний вирусийн халдвартай хүн эмчийн хяналтад байх бөгөөд вирусийн эсрэг арга хэмжээ авахгүй бол халдвар авснаас хойш 15-20 жилийн дараа хавдар болон өвчилдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *