Categories
гадаад мэдээ

Украины эргэн тойронд

Украины Гадаад хэргийн сайд тус улсын хилийн нөхцөл байдал улам хурцадмал болсон тул ОХУ болон Европын аюулгүй байдлын бүлгийн холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийхийг уриалав. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Оросууд цэрэг армиа татан төвлөрүүлснээ тайлбарлахыг хүссэн бидний албан ёсны хүсэлтийг үл тоомсорлосон. Тиймээс ирэх 48 цагийн дотор ОХУ-тай хэлэлцээний ширээний ард суух ёстой” гэдгийг онцлов. Кулеба хэлэхдээ, Украин өнгөрсөн баасан гаригт НҮБ-ын Венийн конвенцийн дүрмийн дагуу Оросоос өөрсдийнх нь зорилгыг тодорхой болгох тайлбар шаардсан гэжээ. Ерөнхийлөгч Зеленскийгийн хувьд АНУ нь Украины аюулгүй байдлын гол найдвар аж. Зеленский Байдентай санал зөвшилцөн эхний ээлжинд дипломат арга барилаар асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн байна. ОХУ-ын 130.000 гаруй цэрэг Украиныг бүсэлсэн гэх мэдээлэл тархаж байгаа ч Москва дайрна гэдгээ үгүйсгэсээр байгаа билээ. Сүүлийн хоногуудад хэдэн арван улс өөрийн иргэдээ яаралтай Украинаас гарахыг шаардсан анхааруулга гаргаад байгаа бөгөөд ЭСЯ-ны ажилтнуудаа татсан. Мөн иргэний нисэхийн том компаниуд онгоцоо Украинд очих, нутаг дээгүүр нь нисэхийг зогсоосон. Тэгвэл ОХУ, Украин болон NATO-гийн гишүүн улсуудын хооронд дайн гарах уу?

Саяхан ОХУ-ын Батлан хамгаалах яам “Олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн Америкийн шумбагч онгоцны үйлдлийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд мэдэгдсэн” гээд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “өдөөн хатгалга” нь үндэсний хэмжээний заналхийлэл гэж үзэж буйгаа дурдсан. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр, хэрэг явдал энэ сарын 12-ны өглөөний 10:40 цагт Курилын гинжин хэлхээний Уруп арлын ойролцоо, ОХУ-ын усан хил дотор, Номхон далайн флотын цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байсан хэсэгт болсон бөгөөд энд АНУ-ын тэнгисийн цэргийн “Виржиниа” ангиллын шумбагч онгоц хөвж явсан гэв. Бүр ОХУ-ын хилийг зөрчсөн Америкийн шумбагч онгоцны асуудалтай холбогдуулан Москвад суугаа АНУ-ын цэргийн атташед ноот бичиг хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн бямба гаригийн үүрээр Курилын арлын нутаг дэвсгэрт тэнгисийн цэргийн флотын сургуулилт хийхээр очсон Оросын байлдааны хөлөг онгоц АНУ-ын шумбагч онгоцыг ОХУ-ын усан хилээс гарахыг шаардсан гэж мэдээлсэн. Үүний дараа оросууд нийгмийн сүлжээгээр цөмийн мөргөлдөөн гарах нь гэж шуугьсан. Үнэндээ бол нэгдүгээрт, хэдэн жилийн өмнө НҮБ-ын Худалдааны байгууллага энэ дундын бүсийн усанд оросуудыг далайн нөхөгддөг баялаг ашиглахыг зөвшөөрснөөс бус энэхүү хэсэг ОХУ-ын нутаг биш. Иймээс Оросын удирдлага мэдэн будилаад байгаа болохоос Америкийн шумбагч онгоц ОХУ-ын хилийг огт зөрчөөгүй гэсэн үг. Хоёрдугаарт, энд байнга байрладаг Оросын шумбагч онгоцнууд гүехэн усанд шумбах зориулалттай, гаднаас ОХУ-д цөмийн цохилт өгсөн тохиолдолд хариу цөмийн пуужин харвах зорилготой юм. Харин усан дээр байгаа цэргийн хөлөг онгоцнууд эдгээр шумбагч онгоцнуудаа хамгаалах үүрэг хүлээдэг. Мөн АНУ-ын шумбагч хамаагүй илүү хүчин чадалтай. Иймээс иймэрхүү “өдөөн хатгалга” цөмийн дайнд хүргэхгүй. Тэгээд ч ийм тэнэг зүйл хийж өөрсдийгөө олон улсын шүүхийн өмнө аваачиж бүх насаа шоронд өнгөрөөх тэнэг улстөрч одоогоор байхгүй. Том дайн ч гарахгүй. Учир нь том дайн бол үнэндээ тэргүүний технологи бас маш их мөнгө.Энэ хоёр чухал хүчин зүйлийг NATO-гийн гишүүн улсуудтай харьцуулахад аль аль нь одоогоор ОХУ-д байхгүй. Дээрээс нь дайны эсрэг хөдөлгөөн ОХУ-д өдрөөс өдөрт өргөжиж төр, засгаа дайнд турхирч байгааг иргэд нь буруутгах болсон. Энэ нь В.Путин ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд том дайн хийх тушаал өгсөн ч биелүүлэхгүй байх офицер цөөнгүй гарна гэсэн үг. Харин Донецк, Луганск мужид хоёр талд нэг нь илт давуу цэргийн хүч цуглуулчихаад буй өнөөгийн нөхцөлд ганц буу алдсанаас буудалцаан болж орон нутгийн чанартай мөргөлдөөн болон өргөжих өндөр магадлалтай. Ер нь 2014 оноос өнөөдрийг хүртэл энд дайн үргэлжилсээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Өнгөрсөн жил гэхэд л Украины 84 цэрэг, офицер амь үрэгдсэн. Тэгээд ч Донбассын нүүрсгүйгээр Украины аж үйлдвэр дахин хөл дээрээ босохгүй. Мөн Оросын Думын гишүүд Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр зэхэж байна. Тэгэхээр энд л цэргийн мөргөлдөөн гарч оросууд олон улсын хоригт орж, Донецк, Луганск муж Украинд буцан нэгдэх байх. Дараа нь Крымыг нэгтгэх асуудалтай тулна. Крым нь Оросын мэдэлд байсан нь үнэн. Гэхдээ оросуудаас өмнө турк буюу Осман, османчуудаас өмнө монгол, монголчуудаас өмнө грек, грекээс өмнө мэдээж уугуул иргэдийн мэдэлд байсан. Гэхдээ олон улс түүх бус НҮБ-д аль улсын нутаг гэж бүртгэгдсэн байна түүгээр л асуудлыг шийддэг. Тэгэхээр Крым бол яах аргагүй Украины нутаг мөн. Иймээс Украинд том дайн гарахгүй. Харин байлдаан болно.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *