ОХУ-ын Либерал ардчилсан нам “ЛДПР” гэх нэрэндээ огт тохирохгүй бүр тэс ондоо шовинист намыг үндэслэн тасралтгүй удирдаж яваа, 1991, 1996, 2000, 2008, 2012 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тасралтгүй өрсөлдсөн, 2000-2011 онд Төрийн Думын дэд спикер, 1993 оноос тасралтгүй Төрийн Думын гишүүн, Оросын армийн хурандаа, ОХУ-ын гавьяат хуульч, маршал Жуковын одонт Владимир Жириновский гэх адтай еврей өвөг дээдсийнхээ ясыг одоо хүртэл өндөлзүүлсээр, еврей нарыг мөн ч их харааж яваа. ЗХУ тарсан, Орос орон доройтсон гол буруутан нь шууд л еврей нар гэдэг нэгэн. Шовинизм гэдэг нь үндсэрхэг дээрэнгүй үзэл. Тэрээр “Хүмүүсийн жирийн амьдрал дээрх харилцааг авч үзье. Бүгд л хамгийн хөөрхөн эмэгтэй, хамгийн хүчтэй эр хүнийг үзэн яддаг, дургүй байдаг шүү дээ. Улс хоорондын харилцаа ч адилхан. Бүгд аугаа, хүчирхэг Орос орныг үзэн яддаг. Жишээ нь, Монгол, Балба, Афганистан гэсэн улсуудыг дэлхий дээр хэн ч тоодоггүй. Тэд бол хүнээр төсөөлөх юм бол царай муутай, сул дорой хүмүүс гэсэн үг. Харин Орос орны асар том газар нутгийг хараад л Барууны улсууд атаархаж, шүлс нь асгардаг юм” гэнэ. Тэгснээ “Орос цэргүүд “ура” гэхээ болих хэрэгтэй. Энэ чинь монголчуудаас авсан, чонын “аа…уу…аа” гэх дуу” гэнэ. Жинхэнэ, ясны поп улстөрч. Поп гэдэг нь худалч бас хулгайч гэсэн үг. Тэгвэл Оросын “ЛДПР” -ийн Төв аппаратаас “Манай намын дарга Владимир Жириновскийг олон нийтийн сүлжээгээр үхсэн хэмээн худал цуурхал тарааж байна” гэж мэдэгдэв. ОХУ-ын ЛДПР намын дарга Владимир Жириновский уушгиных нь 50-75 хувь нь гэмтэж, 75 настай улстөрчийн биеийн байдал хүндэрч, амьсгалын аппарат залгасан гэж энэ сарын 9-нд “РИА Новости” мэдээлсэн. Харин Владимир Жириновский омикрон штаммаар халдварлан эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал ноцтой бус байгаа гэж энэ сарын 12-нд Эрүүлийг хамгаалах яамны хэвлэлийн алба мэдэгдээд байсан юм.
Ковидын халдварын эсрэг вакцины найм дахь тунд хамрагдсан гэж Жириновский өнгөрөгч 2021 оны 12 дугаар сарын сүүлээр олон нийтэд зарлаж байсан билээ.