Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс бэлэн байдлын зэргээ цуцалж, хилээ нээлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн бадлын зэргийг цуцлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тунд зорилтот бүлгийн 92 хувь, нэмэлт гуравдугаар тунд зорилтот бүлгийн 52 хувь, дөрөвдүгээр тунд 90 орчим мянган иргэн хамрагдсан байна. Мөн халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна. Ингэснээр иргэн та амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа ариутгаж, вакциндаа идэвхтэй хамрагдах зөвлөмжөөс бусад цар тахлын үеийн бүхий л хязгаарлалтууд цуцлагдаж байна. Манай улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчид вакцины бүрэн тунд хамрагдсан бол хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж вакцинд хамрагдах боломж нээлттэй. Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд нийт 7 удаагийн хатуу хөл хорио тогтоож, улаан түвшинд 79 хоногийг өнгөрөөсөн байна. Үүнээс бусад цаг хугацаанд Улбар шар түвшинд байлаа. Энэ үед экспорт тасарч, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон. Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшсан. Улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан амаргүй цаг үе байлаа. Цар тахлын хүндрэл одоо ч үргэлжилж байна. Цар тахал манай улсын хувьд төдийгүй дэлхий дахинд Дэлхийн II дайнаас хойш тулгараагүй хүндрэл бэохшээлийг учруулсаар байна. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэнд, эдийн засаг бол тусдаа асуудал биш, харилцан уялдаатай,цогц асуудал хэмээн үзэж, эдийн засгаа үе шаттайгаар нээж, энгийн амьдралдаа алхам алхмаар шилжих бодлого дэвшүүлж, вакцинжуулалтыг орон даяар цаг алдалгүй шуурхай зохион байгуулсаны үр дүнд ийнхүү өнөөдөр Шар түвшинд хоёр жилийн дараа шилжиж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын амаргүй шийдвэрүүдэд хүлээцтэй хандаж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, хамтран ажилласан иргэд, аж ахуйн нэгжүүддээ гүн талархал илэрхийлье. Гэхдээ цар тахлын сорилт бүрэн дуусаагүй үргэлжилсээр байна. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд сонор сэрэмжээ бууруулалгүйгээр вакциндаа идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа зүүж, халдварын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах Иргэний журамт үүргээ хариуцлагатай биелүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийг нөхөж, эдийн засгаа сэргээж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар баримталсаар ирсэн байр суурин дээрээ цаашид хатуу зогсох болно. Хамтдаа хичээж, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээж, цар тахлыг даван туулж, Ногоон түвшин буюу энгийн амьдралдаа удахгүй шилжиж чадна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *