Categories
мэдээ нийгэм

Г.Түвдэндорж: Хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилго тавиад байна

Уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах зөвлөлдөх уулзалтыг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөний өмнө тулгамдаад буй нэн тэргүүний томоохон асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхээр дэлхийн бүх улс орнууд том, жижиг үйлдвэржсэн болон буурай хөгжилтэй гэж ялгалгүй бүгд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлага тулгарч байна. Эх газрын эрс тэс, хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилд эрчимтэй явагдаж, дэлхийн дундажтай харьцуулахад агаарын дундаж температур хоёр дахин илүү буюу 2.25 градусаар нэмэгдлээ.

Жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурав. Үүнтэй холбогдуулж ган, зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэх, цөлжилт нийт газар нутгийн 76.9 хувийг хамарч, гол мөрөн хурдацтай ширгэж, мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд даруй 33.7 хувиар хумигдаж, хайлаад байна.

Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг ялгаруулдаг ч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох асуудлыг тэргүүлэх зэрэгт авч үзэн, Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд ямар ч арга хэмжээ авахгүй байх түвшинтэй харьцуулахад 22.7 хувиар бууруулах зорилго тавиад байна. Нөгөө талаар Монгол Улс олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн амлалт, үүргээ биелүүлэхийн тулд улс орны хэмжээгээр ялгаруулж байгаа нийт хүлэмжийн хийн хэмжээг бууруулах, тэргүүний дэвшилтэт, байгальд ээлтэй цэвэр техник технологи нэвтрүүлэх шаардлагатай байна” хэмээн онцлов.

Зөвлөлдөх уулзалтад олон улсын төсөл хөтөлбөр, түнш байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

БОАЖ-ын сайд Г.Түвдэндорж дэлхийн нийтийн өмнө тулгараад буй энэхүү чухал асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн бүх оролцогч талуудад талархал илэрхийлээд, зөвлөлдөх уулзалтын арга хэмжээнд оролцогчдод амжилт хүсэв


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *