Categories
мэдээ цаг-үе

Чех улсад суугаа ЭСЯ мэдэгдэл гаргалаа

Бүгд Найрамдах Чех улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд “Жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх асуудлаар манай тал хүчин чармайлт тавьж ажилласны үр дүнд айлын тал хүлээн авсан. Манай иргэд ч энэ давуу талыг ашиглан олноороо жолооны үнэмлэх авч байна. Гагцхүү Чехийн жолооны үнэмлэх авсан иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр автомашин жолоодохтой холбоотой зөрчил өсчээ. Үүнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг 100 хувь сэргийлэх боломжтой зөрчлүүд давамгайлсан байна. Энэ статистик тодорхой хэмжээнд буурахгүй бол Монголын жолооны үнэмлэхийг шууд сольж байгааг зогсоож, сургалтад хамруулах, жолооны шалгалт авах зэрэг шаардлага тавих хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна. “Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино” гэх үгийг үргэлж санаж явцгаая” гэжээ.

Мэдэгдэл дэх агуулгыг тодруулбал, Монголын иргэдэд Чех улсын жолооны үнэмлэх олгохдоо Монгол Улсын шинэчилсэн жолооны үнэмлэхийг үндэслэн буюу курст сууж, шалгалт авахгүйгээр олгодог.

Харин монголчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, замын тэмдэг, тэмдэглэгээ зөрчих, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гаргах болсон тул Чехийн тал монгол иргэдийг жолооны курсэд суулгахгүй үнэмлэх олгох ажлаа зогсоох талаар хөндөж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *