Ерөнхий боловсрол болон их, дээд сургууль төгсч байгаа залуус гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт оролцож өөрийгөө сорих хүсэлтэй байгаа. Тэгвэл одоо зарлагдаад буй орон орны засгийн газрын болоод бусад томоохон тэтгэлгийн талаар мэдээлэл хүргэж байна. Засгийн газрын тэтгэлэг гэдэг бол тухайн улсын томоохон их дээд сургуульд 100 хувь үнэ төлбөргүй мэргэжил эзэмшихээс гадна суралцах хугацааны амьжиргааны зардал, судалгаа хийх, мэргэжил дээшлүүлэх зардлыг авах том боломж юм.
ТАЙВАНИЙ БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТЭТГЭЛЭГ ТАВДУГААР САРЫГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ
Тайваний боловсролын яамнаас 2022 оны хичээлийн жилд Монгол Улсаас 11 оюутан залууст олгохоор шийдвэрлэжээ. Тус тэтгэлгээр Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжтой. Тэтгэлгийн зардалд сургалтын төлбөр болон бусад зардал багтжээ. Тухайлбал, сургалтын улирлын төлбөр болон сургалтын бусад зардлын төлбөр багтах аж. Тэтгэлэгт 40 мянган тайвань долларыг тус улсын засгийн газраас олгох ба тэтгэлгээс гадна нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд болон бусад зардалд бичиг баримтын бүрдүүлэлтийн зардал, илтгэл, даатгал, байр, интернетийн төлбөр зэргийг суралцагч өөрөө хариуцах юм байна.
Мөн сургалтын төлбөрөөс гадна амьжиргааны зардал болох бакалаврын оюутанд сар бүр 15 мянган тайвань доллар, магистр, докторт суралцагсдад сар бүр 20 мянган тайвань олгоно гэж тусгажээ. Материал хүлээн авах сүүлийн хугацаа нь энэ оны тавдугаар сарын 31-ний 18:00 цаг аж.
Тэтгэлгээр суралцагсад бакалаврт дөрвөн жил, магистрт хоёр жил, докторт дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тус тэтгэлэгт нийт таван жилээс илүү хугацаанд хамрагдах боломжгүй аж. Тайваньд суралцуулах тэтгэлэг нь жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилдэг. Тэтгэлэгт хамрагдагсад нь тухайн сургуулийн бүртгэлийн хугацаанд бүртгэл хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд бүртгэл хийгдээгүй болон сургуульдаа тэнцээгүй тохиолдолд тэтгэлэг олгох боломжгүй байна. Тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг
Өргөдлийн маягт: https://www.roc-taiwan.org/uploads/sites/137/2020/03/APPLICATION-FORM-2022.odt.
Англи хэлээр суралцах боломжтой сургууль болон хөтөлбөрүүд: https://www.roc-taiwan.org/uploads/sites/137/2020/03/2022%E5%AD%B8%EF%A6%8E%EF%A8%81%E8%87%BA%E7%81%A3%E7%8D%8E%E5%AD%B8%EF%A4%8A%E5%85%A8%E8%8B%B1%E8%AA%9E%E5%AD%B8%E7%A8%8B%EF%A5%AB%E8%80%83%E6%B8%85%E5%96%AE.pdf
ЯПОНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ДЭЛХИЙН БАНКНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЖЭЭ
Дэлхийн банкны ээлжит тэтгэлэг зарлагдаж элсэлт явагдаж байна. Тус хөтөлбөрөөр АНУ, Европ, Африк, Австрали, Япон улсын их сургуулиудад магистрын зэргээр суралцах бүрэн хэмжээний тэтгэлгийг хөгжиж буй орны иргэдэд олгодог юм. Тэтгэлэгт дээрх улсуудын сонгогдсон их дээд сургуулиудын нийт 26 хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд хөтөлбөртөө тэнцэх шаардлагатай юм байна. Тэтгэлгээр суралцах боломжтой 26 хөтөлбөр, мэргэжлийн чиглэл: энд дарж харна уу.
Тэтгэлгийн хэмжээний тухайд сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны стипенд, эрүүл мэндийн даатгал, сургуульд ирж, буцах нисэх онгоцны зардал багтжээ. Шалгуур нь Дэлхийн банкны гишүүн хөгжиж буй орны иргэн бай, бакалаврын зэрэг эзэмшсэн, дор хаяж гурван жилийн ажлын туршлагатай, англи хэлний мэдлэгтэй, сонгосон хөтөлбөрөөсөө тэнцсэн гэсэн “Unconditional Letter” авсан байх шаардлагатай.
Өргөдөл хүлээн авах хугацаа эхний элсэлтийн хувьд энэ сарыг дуустал, хоёрдугаар элсэлтийн хувьд тавдугаар сарын 27-нийг хүртэл өргөдөл хүлээн авах юм байна. Нэгдүгээр элсэлтээр суралцах боломжтой хөтөлбөр, сургуулиудыг энд дарж харах боломжтой. Харин хоёрдугаар элсэлтээр суралцах боломжтой хөтөлбөр, сургуулиудыг эндээс харна уу.
ОРОСЫН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАЖ 25-100 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ АВЧ БОЛНО
“Оросын үндэсний судалгааны Эдийн засгийн их сургууль” (HSE буюу ВШЭ) нь 100 хувь үнэ төлбөргүй суралцах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлажээ. Үүний тулд холбогдох шалгаруулалтуудад орж авсан онооноос хамаараад 25, 50, 70, 100 хувийн хөнгөлөлттэй сурах боломжтой. “ВШЭ” нь Оросдоо 30 жилийн түүхтэй хамгийн “залуу” сургууль хэдий ч 2021-2022 онуудад THE (Times Higher Education) рейтингийн “World University Rankings”-д 57, “QS – Top 50 Under 50”-д 31, “THE World University Rankings”-д 301-305 байруудад тус тус багтаж чадсан байна. Тус сургуульд өнөөдөр дэлхийн 25 орны 200 профессор тус сургуульд багшлахаас гадна, нийт 7000 гаруй багш, судлаач нар ажиллаж, оюутнууд нь олон улсын шилдэг компаниудад дадлагаа хийж байна. Оросдоо хамгийн тав тухтайд тооцогддог оюутны байруудад нь Владивостокоос Калининград, Парижаас Токио хүртэл дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 7000 гаруй оюутнууд амьдардаг аж. Оюутнууд хичээлээс гадна дуу хөгжим, спорт, театр, бизнес, карьер хөгжил зэрэг тус сургуулийн 200 гаруй оюутны дугуйлангуудад хамрагдаж тал бүрээр хөгжих боломжийг олгодог байна.
Тус сургуулийн диплом бол оросын хийгээд олон улсын компаниудад карьераа ахиулах, түүнчлэн эх орныхоо хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байх баталгаа юм. Төгсөгчдийн 95 хувь нь ажлын байраар хангагдахаас гадна “QS Graduate Employability”-ийн рейтингээр “ВШЭ” нь ажил олгогчдын эгнээнд ТОП-250-д орж байна.
Олон улсын солилцооны хөтөлбөрүүд бол өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулах, гадаад орнуудад оюутан цагийн дурсамжаа үлдээх давтагдашгүй сайхан туршлага болдог. Тиймээс “ВШЭ”-ийн олон улсын академик хөтөлбөрүүдэд оролцсоноор олон улсын академик орчинд бусадтай хамтран ажиллах туршлага эзэмшинэ. Мөн оросоос гадна бусад орнуудын сургалтын хөтөлбөрүүдтэй танилцах боломжтой аж. Тус сургуулийн элсэлтийн албаны зөвлөхүүдтэй хийх лайв уулзалт, вебинаруудын линкийг энд дарж харна уу. Мөн үүнээс гадна энэхүү холбоос дээр дарж пэйжүүд дээр явагдах лайваар монгол хэл дээр шууд холбогдон асууж, хариултаа авах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн монгол дахь төлөөлөгчөөс тодруулах ч нээлттэй аж.
ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛЬД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ЗЭРГЭЭР ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙ
Австрийн Вена хотод байрлалтай Төв Европын их сургууль нь дэлхийн 100 гаруй улсын оюутнууд ирж суралцдаг олон улсын оюутнуудын мэдлэгийн төв болсон сургууль юм. Хууль, улс төр, философи, түүх, социологи, антропологи, эдийн засаг, экономиксийн сургалтын хөтөлбөрүүдээрээ Квислэндээс гаргадаг дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад багтдаг байна.
2022-2023 оны хичээлийн жилийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн элсэлт явагдаж байгаа бөгөөд тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж эхэлжээ. Тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны стипенд, эрүүл мэндийн даатгал багтах юм байна.
Бүрдүүлэх материал нв суралцах төлөвлөгөө, тодорхойлох захидал, өмнөх сургалтын дүн CV, англи хэлний шалгалтын оноо (TOEFL IBT, IELTS, Dualingo, PTE гэх мэт олон шалгалт хүлээн зөвшөөрнө) шаардлагатай гэжээ. Өргөдөл хүлээн авах хугацаа нь ирэх сарын 15-нд дуусах аж. Дэлгэрэнгүй мэдээлэл энд дарж авна уу.
“AUSTRALIA AWARDS” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ӨРГӨДӨЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ
Австрали улсын засгийн газрын хэрэгжүүлдэг урт хугацааны хөгжлийн тэтгэлэг юм. Тэтгэлэгт хамрагдсанаар суралцах, судалгаа хийх боломжтой болж өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн хүмүүстэй танилцаж, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахад нь тусална. Австралийн тэтгэлэг нь Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтад суралцах боломжийг олгодог. Тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөр жил бүрийн хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 29-ний хооронд өргөдөл хүлээн авна. Өргөдөл гаргагчид өргөдлийн хүлээн авах хугацаанд багтаж цахим хэлбэрээр өргөдөл гаргана.
Өргөдөл хүлээн авах хугацаа ойртох тусам цахим өргөдлийн системийн (OASIS) ачаалал эрс нэмэгдэж, саатал учирч болзошгүйг анхаарна уу. Энэхүү цахим хуудсаар орж өргөдөл гаргана уу. Интернэт ашиглах боломжгүй аймаг, алслагдсан нутгаас өргөдөл гаргагчид монгол дахь австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй холбогдож, өргөдөл гаргах хувилбаруудын талаар ярилцах боломжтой байна. Бүрдүүлэх бичиг, баримтууд өргөдөл гаргагчид “Австралийн тэтгэлгийн бодлогын гарын авлага”, “Монгол Улсад зориулсан үндсэн мэдээлэл“- д заасан бичиг, баримтыг бүрдүүлж, өргөдөлд хавсаргах ёстой байна.
Дээр дурдсан орнуудын тэтгэлэг бол одоо зарлагдаж байгаа гэдгийг онцолсон. Тэгвэл ирэх саруудад Япон, Франц, Герман зэрэг улсуудын тэтгэлгүүд зарлагдах ба тухайн үед тус улсуудын элчин сайдын яамд болон БШУЯ-ны цахим хуудаст мэдээлэл орох юм. Гадаадын ихэнх тэтгэлэгт хамрагдах боломж бол хэлний мэдлэгээс гадна нийгмийн ажилд идэвхтэй оролцох. Тиймээс зорилгоо тодорхойлж тэтгэлэг горилох гэж буй бол шаардлагатай материалуудыг эртнээс бэлдэх нь зүйтэй билээ.