Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар (2022.02.09) хэлэлцлээ.
Уулзалтаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын түвшинд тавьж шийдвэрлүүлэх, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын чиглэл, дарааллыг гаргасан юм. Уг асуудлаар БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ болон Засгийн газрын түвшинд танилцуулж, гарсан шийдвэрүүдийг эргэн танилцуулах болно.
Мэргэжлийн холбоод “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-нд 3 судалгаа хийж байна. Үүнд:
- Аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлд 160 гаруй орон аялал жуулчлалыг сэргээх хөтөлбөр гарган ажиллаж буй. Үүний 50 орчим улс, орны төлөвлөгөө, судалгааны ажлуудад харьцуулалт, судалгаа,
- Цар тахлын нөлөөгөөр хямралд өртөөд буй дотоодын аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, ресторан, зочид буудал гэсэн салбаруудын 200 гаруй ААН-үүдэд хямрал хэрхэн туссаныг түүвэр судалгаа,
- Цаашид ямар шуурхай стратеги хэрэгжүүлж салбарыг сэргээх вэ гэсэн чиглэлд 30 орчим аялал жуулчлалын салбарын экспертүүдийн дунд түүвэр ярилцлага, судалгаа хийж байна.
Урьдчилсан судалгаагаар зөвхөн жуулчид хүлээж авдаг /2020-2021 онд дотоодод/
- Тур операторуудын орлого 80 хувь буурч, ажиллах хүч нь 78 хувь хумигдсан.
- Зочид буудлуудын орлого 63 хувь буурч, хүний нөөц нь 25 хувь хумигдсан.
- Жуулчны баазын орлого 84 хувь буурч, ажлын байр 65 хувь хумигдсан.
- Ресторануудын орлого, хүний нөөц нь 50:50 хувь хумигдсан.
Иймээс дээрх гурван судалгаа, баримт нотолгоонд үндэслэн 8 стратегийн 40 гаруй чиглэлд аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулсан байна.
Тодруулбал:
- Эрүүл, аюулгүй үйлчилгээ – Шинэ хэвийн байдалд нийцсэн эрүүл, аюулгүй, жуулчны итгэл төрүүлэхүйц үйлчилгээг хангах,
- Тээврийн салбар – Зорчигч тээврийн өрсөлдөхүйц, таатай нөхцөлийг бүрдүүлэх,
- Хүний нөөцийн бодлого – Салбарын хүний нөөцийг дахин бүрдүүлэх, чадавхжуулах,
- Хувийн хэвшлийн дэмжлэг – Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,
- Үйлчилгээний дэд бүтэц – Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах,
- Зах зээл, маркетинг – Гадаад сурталчилгаа, маркетингийн үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жуулчны эрэлтийг нэмэгдүүлэх,
- Хууль, эрх зүйн шинэчлэл – Аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчныг сайжруулах Аялал жуулчлалын тогтвортой хөгжил,
- Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн чиглэл багтаж байгаа аж.
Тус уулзалтад “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, дэд ерөнхийлөгч Д.Амгаланбат, “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Ё.Бадрал, “Монголын зочид буудлуудын холбоо”-ны тэргүүн С.Мөнхбат, МҮХАҮТ-ын дэргэдэх “Аялал жуулчлалын зөвлөл”-ийн дарга Б.Барсболд, Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх, Аялал жуулчлалыг хөгжүүлэх төвийн захирал С.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны АЖБЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Болормаа нар оролцлоо.