Монголын өдөр тутмын сонинуудын холбоо энэ сарын 7-ны өдөр хуралдаж шинэ удирдлагуудаа томиллоо. Тус холбооны ерөнхийлөгчөөр “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Б.Нямдорж сонгогдлоо. Б.Нямдорж нь хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин юм. Тэрээр “Өдрийн сонин”-д газар менежер, ахлах менежерээр ажиллаж байсан бөгөөд өдгөө тус сонины Тамгын газрын даргаар ажиллаж байна. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Сонин сэтгүүл хариуцсан дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай. Мөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тус холбооны гүйцэтгэх захирлаар “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмонг, ерөнхий менежерээр “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал нарыг тус тус томиллоо. Мөн “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн (МУСГЗ), “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч асан Б.Ганболд (МУСГЗ) нарыг хүндэт ерөнхийлөгчөөр баталлаа.
Монголын өдөр тутмын сонины холбоонд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын мэдээ”, “Өглөөний сонин”, “Монголын үнэн” зэрэг Монголын өдөр тутмын тэргүүлэх сонинууд гишүүнчлэлтэй юм. Тус холбооны ерөнхийлөгчөөр нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан С.Батбаатар, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо, “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч Э.Долгион болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр нар томилогдон ажиллаж байв.
Тус холбоо нь Хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонинуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах, уншигчдын мэдэх эрхийг хамгаалахын төлөө олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага юм.
МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБОО