Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал Улаанбаатар хотоос 52 километрийн зайд байрладаг. Нисэх буудлыг зорих иргэд хувийн машинаас гадна тусгай чиглэлийн шуурхай автобусаар үйлчлүүлэх боломжтой.

“UBUS” буюу шуурхай автобус үйлчилгээг “Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК нэвтрүүлээд байна. Тус компанийн шуурхай автобус дараах үнэ тарифаар иргэдэд үйлчилж буй юм.

ВИП жижиг оврын автобус

5 хүний суудалтай

Нэг хүн – 20.000₮

Дунд оврын автобус

15 хүний суудалтай

Нэг хүн – 15.000₮

Том оврын автобус

45 хүний суудалтай

Нэг хүн – 10.000₮

Бүх төрлийн үйлчилгээнд 7 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчино. “UBUS” шуурхай автобус нь Улаанбаатар хотын томоохон зочид буудлаас үйлчилгээ үзүүлэх тул иргэд гэртээ ойр зочид буудлаас автобусанд сууж зорчих боломжтой. Тодруулбал, “Улаанбаатар эйрпорт шаттл” компани Улаанбаатар, Чингис хаан, Кемпински, Новотел, Туушин, Рамада, Баянгол, Шангри-Ла, Blue sky, Holiday inn Ulaanbaatar hotel зэрэг 9 зочид буудалтай хамтран ажиллаж, эдгээр буудлаас “Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусны үйлчилгээ үзүүлдэг аж.

Иргэд олон улсын чиглэлд нисэх бол 3 цагийн өмнө, орон нутаг руу нисэх бол хоёр цагийн өмнө нисэх буудалд очсон байх учиртай. Иргэд мөн “Вип” буюу ганцаарчилсан үйлчилгээг захиалах боломжтой. Ийм тохиолдолд таван хүний төлбөр буюу 100 мянган төгрөг төлөх бөгөөд гэрийнх нь үүднээс очиж авна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нисэх буудлын үйл ажиллагаа нислэгийн тоо цөөн, олон улс, орон нутгийн нислэгийн цаг хугацаа нь тодорхойгүй, заримдаа нислэг цуцлагддаг учир нийтийн тээвэр автобусны үйлчилгээ хараахан эхлээгүй байна. Харин такси үйлчилгээний тухайд 150 мянгаас дээш төгрөгийн ханштай.

“Улаанбаатар эйрпорт шаттл” ХХК-ийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, “Монголын үндэсний бүтээн байгуулалтын нэгдэл” ХХК хамтран үүсгэн байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *