Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 3-8 ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж буй. Тус айлчлалын багт 50 гаруй хүн явсан гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан нь цар тахлын үед гадны улсад олноороо очсон гэх шүүмжлэлийг дагуулаад байгаа.
Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Өвлийн олимпыг өндөр түвшинд зохион байгуулж буй, БНХАУ-ын шаардлагыг хүндэтгэж, Ерөнхий сайдын ажлын айлчлал анх удаа 15 хүний цомхон бүрэлдхүүнтэй явсан. Үүнд, зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн гэсэн хүмүүс багтаж байна” хэмээн мэдээлэв.
Мөн айлчлалын үеэр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын харилцаа болон бусад асуудлаар санал солилцож, өргөн хүрээтэй тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа аж. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай мөн уулзалт хийх байна.
Тус уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар УИХ дахь Монгол Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд Т.Бадрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ЭСЯ-ны элчин зөвлөх, гуравдугаар нарийн бичгийн дарга, хэлмэрч нар байх юм.