Categories
мэдээ нийгэм

Орос, Хятад улсууд 30 жилийн хугацаанд байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээг байгуулжээ

Өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн очсон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах үеэрээ байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулсныг Газпром компанийн эх сурвалж мэдээлжээ.

30 жилийн хугацаатай байгуулагдсан шинэ гэрээний хүрээнд Оросын Газпром компани Хятадын төрийн өмчит CNPC эрчим хүчний компанид жил бүр 10 тэрбум шоо метр байгалийн хийг нийлүүлэхээр болсон байна.

Хийг Оросын алс дорнодоос Хятадын зүүн хойд бүс нутагт хоолойгоор нийлүүлэх бөгөөд 2-3 жилийн хугацаанд урсгал нь нээгдэх гэнэ.

ОХУ 2019 оноос эхлэн Сибирийн Хүч хоолойгоор дамжуулан Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх болсон юм. Уг хоолойгоор зөвхөн 2021 онд 16.5 тэрбум шоо метр хий нийлүүлсэн байна.

Талууд өмнө нь Оросоос Хятадад нийлүүлэх хийн хэмжээг 2025 он гэхэд жилийн 38 тэрбум шоо метрт хүргэхээр тохиролцож байжээ.

Шинэ гэрээ нь уг зорилтод хүрэхэд түлхэц болох юм байна.

Энэ удаа байгалийн хий нийлүүлэхдээ Сахалин арлын ордоос Япон тэнгист тавьсан хоолойгоор дамжуулан зүүн хойд Хятадын Хэйлунзянь мужийн нутагт хүргэх ажээ.

Орос, Хятадын талууд гэрээний төлбөрийг еврогоор гүйцэтгэхээр тохиролцсон нь америк доллароос хамаарлаа багасгах зорилготой юм байна.

Газпром, CNPC компаниуд Оросоос Хятадад хий нийлүүлэх хоёр дахь хоолойн асуудлыг олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч ахиц муутай байжээ. Саяхан Хятад улс хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2060 онд тэгтэй тэнцүүлэх зорилт тавьсан нь хий нийлүүлэх яриа хэлэлцээг түргэсгэсэн тухай Бээжингийн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн онд Хятад улс эрчим хүчний нүүрсний хомсдолд орсон нь байгалийн хийн импортоо нэмэгдүүлэх хэрэгцээг үүсгэсэн гэнэ.

Шинэ нийлүүлэлтийн үнэ тарифыг Сибирийн Хүч хоолойгоор нийлүүлдэг хийн үнэтэй ижил түвшинд байлгахаар талууд тохиролцсон байна.

Өмнө нь ашиглалтад орсон Сибирийн Хүч хоолой нь Сибирийн зүүн хэсэгт байрлах ордоос хуурай газраар дамжуулан зүүн хойд Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *