Categories
мэдээ нийгэм

АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд унажээ

“Meta” компанийн хувьцааны ханш унасантай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд огцом унажээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд гарсан мэдээллээс үзэхэд, “Nasdaq” цахим биржийн индекс 538.73 нэгж буюу 3.74 хувиар буурч, 13 878.82 нэгжид хүрсэн байна. “The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, энэ нь 2020 оны есдүгээр сараас хойш хамгийн их хувиар унасан үзүүлэлт юм.

АНУ-ын зах зээл дэх хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “S&P 500” индекс пүрэв гарагт өдрийн турш 111.94 нэгжээр (2.44 хувь) буурч 4477.44 нэгж болсон нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн “хүчтэй бууралт” байв. Аж үйлдвэрийн “Dow Jones” индекс арилжааны явцад 518.17 нэгжээ (1.45 хувь) алдаж, 35 111.16 нэгж болсон байна.

Лхагва гарагт “Meta” компани өсөлтийн сул таамаглалтай, цэвэр ашиг нь буурсан үзүүлэлтэй улирлын тайлангаа нийтэлжээ. Үүнтэй холбоотойгоор пүрэв гарагт хувьцааны ханш нь 26 хувиар буурсан бөгөөд энэ нь урьд нь “Facebook” нэртэй байсан тус компанийн хувьд 2012 онд хөрөнгийн биржид гарснаас хойших хамгийн муу үзүүлэлт болжээ.

“Meta”-гийн хувьцаа их хэмжээгээр унасан нь технологийн бусад компаниудын хувьцааны ханш буурахад хүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *