Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга саальчин Д.Алдарцэцэг: Сааль арвин байж, цагаан идээ маань бусдын сэтгэлд хүрэх л сайхан байдаг

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын “Найз” багийн малчин Даваадоржийн Алдарцэцэг 2021 оны Улсын аварга саальчин болсон билээ. Тэрээр удам дамжсан саальчин юм. Түүнтэй ярилцлаа.


-Өнтэй сайхан өвөлжиж байна уу?

-Энэ жил цаг сайн, өнтэй сайхан өвөлжиж байна аа. Өнгөрсөн жил цаг тааруухан, хүндхэн онд орсон. Харин энэ жил долдугаар сараас хойш цаг сайхан, их дулаан өвөлжиж байна. Нэг гэм нь цасгүй, хуурай л байна.

-Та Өмнөговь нутгаасаа ганцаар Улсын аварга саальчин хэмээх хүндтэй цолыг хүртжээ. Энэ тухай хэзээ яаж мэдэв, сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Анх багийнхаа Засаг даргаас мэдсэн. Улсын аварга саальчид ихэвчлэн хангайн аймгаас төрдөг. Энэ удаад говь нутгаас аварга саальчин болсондоо их баяртай байна.

-Та удам дамжсан малчин уу?

-Тийм ээ, аав, ээж хоёр маань нэгдэл нийгэмлэгийн үеэс Илгээлтийн эзэд болж 1985 онд тэмээчин болсон. Миний аав эмнэг хангал сургалтын спортын мастер Шархүүгийн Даваадорж гэж хүн бий, одоог хүртэл тэмээн сүргээ өсгөж байна. Ээж минь Цэрэвийн Валяахүү гэж үйлэнд уран, нягт нямбай, цагаан идээ, арьс шир, эсгий урлал үйлдвэрлэх тал дээр гаргууд хүн байлаа. Ээжийнхээ гайхалтай ур чадваруудаас суралцаж үе дамжин цагаан идээгээ боловсруулсаар явна.

-Энэ өвөл сааль арвин уу…

-Арвин арвин. Сая гэхэд ингээ саачихаад л орж ирлээ. Тэмээ гэдэг жилийн дөрвөн улирал саальтай амьтан. Ингээ өдөрт хоёр удаа саадаг, энэ жил төл цөөн саадаг нь 20 гаруй л байна. Нэг удаадаа 15-20 литр сүү саачихдаг.

-20 гаруй ингийг хэдий хугацаанд саах вэ?

-Гайгүй ээ, хоёроос гурвуул гарвал цаг гаруй л болно доо.

-Өвлийн орой олон ингэ саах бас л чанга ажил байх даа…

-Цаг уур ямар ч байсан боломж бололцоогоороо ингээ сааж л орхино доо.

-Хоормогоо борлуулдаг уу?

-Хоормогоо борлуулж л ахуй амьдралаа болгож явдаг айл даа. Энэ жил цагаан идээ ховор, ханш өндөр байна. Малчин бидэнд бол боломжийн, литр нь найман мянган төгрөгөөр худалддаг. Хоормогоо төв оруулаад л борлуулчихдаг, тогтмол авдаг хүнтэй. Манай нутагт Цагаан сараас өмнө цагаан идээний үзэсгэлэн худалдаа болдог. Түүнд цагаан идээгээ авч очиж борлуулна даа.

-Малаа таван төрөлд өсгөдөг үү?

-Манай гэр бүл тэмээ, адуу, хонь, ямаатай. Сүргийн бүтцийн 50-60 хувийг тэмээн сүрэг эзэлдэг. 500 гаруй тэмээ, 700 гаруй бага мал, цөөвтөр адуутай. 2000 оны эхээр ханьтайгаа 200 гаруй бага мал, 30-аад тэмээтэй өрх тусгаарлаж байлаа.

-Танай гэр бүл 2020 онд алтан ботгоны эзэн болж байсан гэж дуулсан. Жилд хэд орчим ингэ ботголдог вэ?

-2017 оноос хойш сүүлийн гурван жил 70, 80-аас дээш ботго авч Алтан ботгоны эзэн болсон. Өнгөрсөн жил цаг муу, буур ч бага орсон. Бог, бод нийлсэн 400 гаруй мал төллөх янзтай байна. Энэ хавар 100 гаруй ингэ ботголох тооцоотой байсан. Цаг хүнд учир бараг тал хувь нь сувайрчээ.

-Тэмээчин, саальчин хүний жаргал юу вэ?

-Сааль арвин байж, цагаан идээ маань бусдын сэтгэлд хүрэх сайхан.

-Таны өглөө хэдэн цагт эхэлдэг вэ?

-Улирал бүр өөр байдаг. Өвлийн улиралд аажуу нар манддаг учир найман цагт л ажилдаа гардаг. Урин цагт бол эрт эхэлнэ ээ.

-Монгол тэмээ Галбын говийн улаан, Ханийн хэцийн хүрэн, Төхөм тунгалгийн хүрэн гээд гурван үүлдэр байдаг. Танай тэмээ голчлон аль үүлдэр вэ?

-Манайх Ханийн хэцийн хүрэн тал руугаа ордог юм. Галбын говийн улаан Ханбогд, Манлай сумын урд тал орчимд арвин бий.

-Тэмээ уядаг уу?

-Уядаггүй, унаж эдлэхээс цаашгүй (инээв). Дараагийн төл мэндэлтэл ботгоо уяж, ингээ саана даа. Хүүхдүүд өвлийн амралтаараа тэмээ унадаг.

-Бурантаг, ногт, тохом, буйл гээд тэмээний эд хэрэгслээ өөрсдөө хийдэг үү?

-Бүгдийг нь өөрсдөө томж, нийтгэж, зорж, оёж хийдэг.

-Хүүхдүүд нь амраад халуун ам бүлээрээ байна уу?

-Тийм ээ, бүгд цуглардаг үе. Манайх 13-22 насны гурван хүү, нэг охинтой. Гурав нь оюутан, нэг нь сурагч. Охин Боловсролын их сургуульд, том хүү Төмөр замын сургуульд, дунд хүү Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд суралцдаг. Отгон хүү маань долдугаар ангийн сурагч.

-Гэр бүлийнхээ хүнтэй хэрхэн танилцаж байв, нэг нутгийн хоёр уу?

-Нэг нутгийн, бүр найман жилийн сургуулийн нэг ширээний хоёр шүү дээ (инээв). Миний ханийг Сонгуулийн Жуул гэдэг. Гурав, дөрвөн үе дамжсан тэмээчин ардын хүү. Миний ханийн өвөө Ш.Түдэв гэж их сонин түүхтэй, 1882-1985 оны хүртэл 103 насалсан тэмээчин хүн байсан. Тэмээнд их хайртай тэмээний ноос элээчихнэ гээд тэмээгээ явган хөтлөөд алхдаг хүн байсан гэлцдэг юм.

Залуудаа нутгийн бүсгүйтэй ханилж, хүүхэд тогтохгүй, хийдэд очтол хуварга “Олон нохой тэжээ, тоог нь чадвал 30 хүргээрэй. Тэгээд хүүхэд тогтоно, тэмээ ч өснө” гэж хэлсэн гэдэг. Ёсоор болгож нохой тэжээж, 28 хүрч байтал л зарим нь явчихна, алга болчихно. Олон нохой тэжээхэд хоол ховор, зэлэн дээрээс хувинтай сүүгээ барьж ирээд нохдынхоо идүүр рүү хийдэг байсан гэдэг. Тэгээд өвдсөн тэмээ эмчилж, тэмээгээ өсгөсөөр тэмээ ч олширч, хүүхдүүд ч өссөн гэж ярьдаг юм. Одоо тэр хүний хүүхдүүдээс нэг хүү нь улсын аварга тэмээчин, алтан ботгоны эзэн, түүний ах нь Т.Туулайхүү гэж улсын аварга тэмээчин байсан. Миний ханийн ах дүү нар ерөнхийдөө тэмээ маллах, тэмээн сүргээр аж амьдралаа авч явдаг хүмүүс. Өнөөдөр ханийн минь үеэл дүү улсын аварга малчин болж манай нутгаас хос аварга төрлөө.

-Бог малтай харьцуулахад тэмээ гарын дор амьтан биш. Танай гэр бүл ямар арга ухаанаар тэмээн сүргээ өсгөдөг вэ?

-Зарим хүмүүс ярьдаг юм. “Тэмээ гэдэг тэнгэрийн муухайд уруудаад явчихна, хоолгүй хашаатай байгаа гэж санаа зовохгүй. Бүдүүн тоймын амар” гэж. Цагийн бэрхэд бага малаасаа дор ч юм уу гэж бодсон шүү. Идэх хоол, услах унд ахиу ордог. Бага малыг бол тэжээж, тэтгээд болгочихно. Ноднин цагийн муугаар л мэдэрсэн. Өмнө нь бид юм анзаардаггүй байжээ. Тэмээ маллахад явдалтайхан байна даа гэдгийг ойлгож л байлаа.

-Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэг шүү дээ. Сүрэг өтгөрүүлэхэд буур чухал, танай гэр бүл буураа яаж сонгодог вэ?

-Буур сонгоход дөлгөөн зан, зүс хоёр их чухал. Түүнийг нь харж сонгоод, нэг буураа гурваас дөрвөн жил тавьдаг. Нэг буур тавилаа гэхэд түүний төл дөрөв, таван жилийн дараа бууранд гарна. Тиймээс богино хугацаанд эцэг малаа сэлгэх шаардлагагүй.

-Дөлгөөн занг нь яаж мэдэх вэ?

-Ер нь хүн ч бай, мал ч бай шинжихэд удам гэдэг хамгийн гол зүйл. Эх, эцгийнх нь мах, чяц, төрх, ноос, унаж эдлэхдээ зан авирыг нь анзаарч байгаад л сонгоно шүү дээ.

-Олон тэмээг усална гэдэг яггүй ажил байх. Ялангуяа чийггүй өвлийн цагт, танайх тэмээгээ яаж усалж байна?

-Дээр үед элбэг устай гар худаг олон байсан. Одоо элбэг устай гар худаг цөөн, байсан ч олон тэмээг усалж хүчрэхгүй. Манайх гүний худагтай, түүгээрээ усалдаг.

-Жилд хэдэн кг орчим ноос авдаг вэ?

-Хоёр тонн гаруй, гурав шахуулаад л авчихдаг юм. Хавар хүүхдүүд, ойр орчмын ах дүү нар шаардлагатай үед хүн хөлслөөд 10 гаруй хүнтэй тэмээгээ хяргадаг.

-Сүүлийн үед малчид малдаа “GPS” буюу байршил тогтоогч суулгадаг болжээ. Танайх тэмээгээ хэрхэн хамгаалж, бүртгэдэг вэ. Байршил тогтоогч ашиглаж байна уу?

-Хэрэглэж байгаагүй, манай нутгийнхан адуунд голцуу хэрэглэдэг. Аймгаас хот чиглэлийн хар замын хоёр талд манай тэмээний ус, бэлчээр байдаг. Шөнийн цагаар машинд дайруулах эрсдэл өндөр. Түүнээс сэргийлж гэрэлтдэг хүзүүвч зүүж, оройн цагаар засмал хавиар тэмээгээ эргэдэг.

-Туслах малчинтай юу?

-Одоохондоо байхгүй. Хавар мал төллөх, ноослох цагаар л туслах авдаг.

-Танай нутагт залуу малчид олон бий юү?

-Цөөвтөр, охин хүүхэд гэдэг бараг үзэгдэхээ больсон.

-Сар шинийн баяр дөхөж байна. Баярын бэлтгэлээ базааж байна уу?

-Баярын бэлтгэл ханасаан. Малчин бидний хамгийн их ач холбогдол өгдөг баяр шүү дээ. Хүүхдүүд бүгд ирчихсэн, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ ээ. Өмнө жилүүд шиг өргөн дэлгэр тэмдэглэх юм хаа байхав.

А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *