Мартсанаас, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч бас ахмадуудынхаа тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, 8.6 хувиар нэмэхийг уриалаад байгаа юм билээ. Нэг хэсэг таг жиг байсан У.Хүрэлсүхийн энэ алхам тэр утгаараа дахиад л “хошин” популист. Нөгөө талаар инфляц 13.4 хүрчхээд буй өнөө үед өндөр настнуудын хувьд яг хэрэгцээтэй шийдвэр. Харин хууль, тогтоомжид нийцүүлэх арга замыг сэдэгч Засгийн газарт бол далим болов.
Баасан гарагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдахад гишүүд “Тэтгэвэр нэмж буйд баяртай байна” хэмээж, хувийн тоглолт хийх нь дийлэнх байдлаар оролцсон. Гэвч яг өргөн барьсан хуулийн төслөө сөхөж харсан, холбогдуулж асуулт асуусан нь ховор.
Угтаа Засгийн газар хуулийн төслөө санаачлаагүй, хуралдаагүй байхад УИХ нь ээлжит бус хуралдаан зарлаж хууль зөрчсөн билээ. Хуулийн төслөө уншаагүй орж ирсэн УИХ-ын гишүүдэд энэ нь ч зөвтгөх агуулга болох ёсгүй юм. Ерөнхийдөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөгийн улс төрд үлэмж нөлөөлөгч байсаар буйн илрэл гэлтэй.
Хамгийн сонирхолтой нь, тэтгэвэр тэтгэмж нэмэх санхүүгийн эх үүсвэрийг төсвийн орлого, зарлагад өөрчлөлт оруулахгүйгээр олох “даалгавар” авсан Сангийн сайд Б.Жавхлан ямар ч холбогдолгүй хоёр зүйл заалтыг хамтад нь оруулж иржээ.
Тодруулбал, Ковидын хууль гэгддэг хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгахаар тусгасан байх юм. Үүний хамт, тус хуулийн 7.2 дахь заалтыг хуучнаар нь өөрчлөн найруулах агуулгатай хуулийн төсөл өргөн барьжээ.
НЭГ: КОВИДЫН ХУУЛИЙГ ДАХИН ЗУРГААН САРААР СУНГАНА
Ковидын хууль буюу бүтэн нэрээрээ “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд зургаан сараар сунгасан байдаг.
Өөрөөр хэлбэл тус хуулийн хэрэгжих хугацааг сунгаад яг нэг сар болж байна. Гэтэл тэтгэвэр тэтгэмж нэмж буйтай ямар нэг тодорхой уялдаагүйгээр Ковидын хуулийг дахин зургаан сараар буюу энэ оныг дуустал сунгах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьжээ.
Энэ талаар Байнгын хороодод танилцуулахдаа “Цар тахлын нөхцөл байдал тааварлашгүй хэвээр байна”, “Шинэ шинэ мутацууд гарсаар байна” гэхчлэн үг хэрэглэжээ.
Цар тахлын нөлөө үгүй болоогүй энэ үед Ковидын хуулийг сунгах нь зөв байж болох ч зарим хатуу заалтуудаа хасаад явах нь зүйд нийцмээр байдаг. Гэвч энэ хугацаанд маш олон хоцрогдсон агуулгатай данхар хуулиа тэр чигт нь шахуу сунгасаар ирсэн, дахиад л тэгэх нь. Төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилгоонууд, УИХ-тай зөвшилцөлгүй, салбарын сайд нь төсвөө шийддэг замбараагүйтэл зэрэг тус хуулийн хүрээнд бий болсон билээ.
ХОЁР: УИХ-Д АЛДСАН ЭРХ МЭДЛЭЭ ЗАСГИЙН ГАЗАР ДАХИАД ГАРТАА АВНА
Сүүлийн өгүүлбэр дэх “УИХ-тай зөвшилцөлгүй, салбарын сайд нь төсвөө мэддэг…” гэсэн хэсгийг энд хөндөх хэрэгтэй болно.
Учир нь Ковидын хууль анх 7.2 дахь хэсэгтээ “…Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсэн зүйл заалттай батлагдсан байдаг. Ингэснээр төсөвт өөрчлөлт оруулах гэнэтийн шаардлага гарвал заавал УИХ-аар хэлэлцүүлж, тодотгол хийлгүйгээр салбарын сайд нь Засгийн газраар оруулаад шийддэг болсон.
Үүнийг 2021 оны зургадугаар сард нэмэлт өөрчлөлт оруулахдаа сольж, “…Тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ-аар шийдвэрлүүлнэ” гэж өөрчлөн найруулсан юм. Үүгээр ковидын үеэр Засгийн газарт олгогдсон төсвийн эрх мэдэл эргээд УИХ-д очсон. Сангийн сайд Б.Жавхлан тун дургүй байдаг.
Тийм ч учраас арванхоёрдугаар сарын 30-нд Ковидын хуулийг сунгахдаа бас энэ заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан байсан. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн олонх нь дэмжсэн ч өөрийн эрх мэдлийн хүрээнд, “Төсвөө УИХ мэддэг байхгүй бол Үндсэн хууль зөрчинө” гээд Байнгын хороонд буцааж байв.
Харин энэ удаа Сангийн сайд Б.Жавхлан сарын өмнө бүтэлгүйтсэн заалтаа дахиад л оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл 7.2 дахь заалтыг хамгийн анхны хувилбараар өөрчлөн найруулахаар уг хуулийн төсөлдөө тусгажээ.
КОВИДЫН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛД ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ДУРДААГҮЙ БАЙНА
Гол дүр зургаараа ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж л нэмэх гэж ээлжит бус хуралдаан зарласан. Төсвөө задалсан. Гэтэл Ковидын хууль үүнд юугаар уялдаж байгаа нь анхаарал татах ёстой. Тэр ч утгаар тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан Сангийн яамны танилцуулгыг сөхөж харах нь зүй.
Гэвч “Тэтгэвэр тэтгэмж нэмэх гэж буйтай холбогдуулж, … шалтгаанаар Ковидын хуульд дараах өөрчлөлтийг оруулах хэрэгтэй боллоо” гэсэн агуулгатай үг өгүүлбэр байхгүй байна.
Харин “2022 онд цар тахал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй”, “Эдийн засгийг сэргээх хүрээнд яаралтай авах арга хэмжээ олон” гэх мэт хэдхэн бөөрөнхий, хэдий нь хоцрогдсон үг өгүүлбэрүүд бичжээ. Одоохондоо үүнийг сөхөж дуугарсан УИХ-ын гишүүн алга, байнгын хорооны хуралдаанууд дээр байлцсан мөртлөө.
Цар тахлын үед УИХ эрх мэдлээ Засгийн газарт алдсан нь бодит үнэн билээ. Угтаа ард түмнээс шууд сонгогддог тул УИХ-ын гишүүдэд номер нэг эрх мэдэл хадгалагдах ёстой. Гэвч тахал нэрээр Засгийн газар төсвөө хүртэл шийддэг болчихсон энэ байдал дуусгавар болох цаг нэгэнт ирсэн юм. Зарим талаараа ажил явуулахад нь Ковидын хууль тусалдаг л байх. Гэхдээ юм гэдэг зарчмаасаа хэт удаан хазайх нь сайны дохио биш билээ.