2022 оны нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 630 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага хүлээн авч шийдвэрлэжээ. Зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 12 нь нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
Үл хөдлөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. байна.
Мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн байна.
Орон нутагт:
Онхолдох хэлбэрийн гурван осол бүртгэгдэж 6 хүн гэмтэж 2 хүний амь нас хохирсон .
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирлоо. Эдгээр хүүхдүүд бүгд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртсэн байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа зориулалтын суудалд суулгах, суудлын бүсийн зүүж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 147 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 109, орон нутагт 38 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч мөргөж, амийг хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ талаар долоо хоног бүр мэдээлж байгаа боловч жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох нь буурахгүй байна.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг бие даан явганаар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.
Энэ долоо хоногт нийслэлээс орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэх тулд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.