Categories
мэдээ нийгэм

Нэг модыг 2500 төгрөгөөр тарьж, ургуулан хоёр жилийн дараа эзэнд нь шилжүүлж өгнө

"Нэг модыг 2500 төгрөгөөр тарьж, ургуулан хоёр жилийн дараа эзэнд нь шилжүүлж өгнө"

“Мод хөтөлбөр” ХХК-иас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд таван аж ахуйн нэгж, ХААИС, ОХУ-ын Сибирийн цэцэрлэгжүүлэлт судалгаа шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Мод хөтөлбөр”-ийг эхлүүлжээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдээс цахимаар захиалга авч 50 сая мод тарих зорилт тавьсан аж. Өөрөөр хэлбэл гар утасны аппликейшнаар захиалга авч нэг модыг 2500 төгрөгөөр тарьж ургуулна. Ингээд хоёр жилийн дараа буюу модыг амьдрах чадвартай болсны дараа захиалагчид хүлээлгэн өгөх юм байна. Захиалсан модыг мэргэжлийн таван аж ахуйн нэгжийн ажилчид уламжлалт мод үржүүлгийн арга болон ХААИС-ийн докторуудын судалж гаргасан хөрсөн бортгон аргыг хослуулан ургуулж, арчлах аж.

Энэ талаар ХААИС-ийн Доктор Б.Мөнхбат “Манай сургууль олон төрлийн судалгаа явуулдаг. Үүний нэг нь хөрсөн бортогт мод тарьж ургуулах технологи. Энэ арга нь уламжлалт аргаар мод тарихаас хэд хэдэн давуу талтай.

Нэгдүгээрт, уламжлалт аргаар мод тарихад хүлэмжид үр суулгаснаас эхлээд тарьц болтол 5-7 жилийн хөдөлмөр шаардагддаг. Мөн модны амьдрах чадварыг 40 орчим хувиар тооцдог. Тэгэхээр энэ технологиор тэрбум модыг 10 жилийн хугацаанд тарихад төвөгтэй.

ХААИС-ийн судлаачид 2014 оноос эхлээд мод тарьж ургуулах шинэ технологи, арга замыг хайж судалгаа хийсэн. Энэ судалгааг БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр явуулж, амжилттай дуусгалаа.

Ойлголт өгөх үүднээс говьд ургадаг Заг модыг жишээ татъя. Энэ бол говийн хөрс, байгаль цаг уурын нөхцөлд тохирсон мод. Үүний ургах, амьдрах орчныг хөрсөн бортгон аргаар зохиомлоор бий болгож өгнө. Ингээд хөрсөн бортгонд модыг үрслүүлж ургуулснаар хоёр жилийн хугацаанд талбайд гаргах нөхцөл боломжийг бүрдүүлдэг. Хугацааны хувьд уламжлалт аргаар ийм давуу талтай.

Хоёрдугаарт, уламжлалт аргаар тарьсан модны 40 орчим хувь нь амьдардаг бол хөрсөн бортгон арга нь моддод 98 хувийн амьдрах чадварыг бий болгож өгдөг давуу талтай.

Гуравдугаарт, мод тарих хугацааг уртасгаж өгч байгаа. Бид хавар, намар арав хоног л мод тарьдаг. Энэ аргаар бол газар гэссэнээс хөлдөх хүртэл модоо зөөж, шилжүүлж суулгаад байж болно” гэв.

Мод үржүүлгийг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 16 мянган ойн сан бүхий га талбайд, Улаанбаатар хот, СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтэд 38 га талбайд гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Иргэд шинэс, нарс, бургас, хайлаас, гацуур гэсэн таван модноос сонгон гар утасны “Мод хөтөлбөр” аппликейшнаар захиалгаа өгнө. Захиалга баталгаажсанаас хойш мэргэжлийн хүмүүс модыг тарьж ургуулж, арчлан хамгаалж шилжүүлэн суулгахад бэлэн болсон даруйд хоёр жилийн дараа эзэнд нь хүлээлгэн өгөх юм байна.

Ирэх хавар нийт 3 сая мод тарихаар төлөвлөжээ. Модны захиалгыг хоёрдугаар сарын 4-нөөс хоёрдугаар сарын 19-ны хооронд “Мод хөтөлбөр” аппликейшнаар авах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *