Categories
мэдээ нийгэм спорт

Чөлөөт бөх, жүдо, үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн тамирчид

Чөлөөт бөх, жүдо, үндэсний бөхийн барилдаанд хэн хэн түрүүлэв?

Монгол болон олон улсад өнгөрөгч амралтын өдрүүдээр жүдо, чөлөөт бөх, үндэсний бөхийн тэмцээн уралдаан болж, аваргуудаа тодрууллаа.


Чөлөөт бөх – Иван Ярыгиний нэрэмжит Гран При

Красноярск хотод болсон уг тэмцээнээс монголын тамирчид медалийн хур буулгалаа. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Д.Отгонжаргал хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагалсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Беларусийн Анастасия Янотоваг цэвэр ялжээ.

Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа болон өсвөрийн Азийн аварга Б.Марал нар хүрэл медаль хүртжээ. Э.Сумъяа хүрлийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Седневаг 12:0-ээр ялсан бол 19 настай залуу тамирчин Б.Марал ОХУ-ын Анастасия Яндушкинаг цэвэр ялснаар анх удаа насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүлээ.

Харин эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд дэлхийн аваргын гурван хүрэл медальт Б.Шоовдор хүрэл медаль хүртсэн. Красноярскийн дэвжээнээс тав дахь медаль авсан тэрбээр энэ удаад Юлия Албороваг 4:1-ээр ялжээ. Мөн Азийн аварга З.Болортунгалаг өөрийн жиндээ Мария Кузнецоваг 9:2-оор ялснаар Красноярскийн тэмцээнээс дөрөв дэх медалиа зүүлээ. З.Болортунгалаг тус тэмцээнд өнгөрсөн жил аваргалж, 2018, 2019 онд хүрэл медаль хүртэж байв.

Монголын гурван эмэгтэй тамирчин 53 кг-д алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан нар бусдыгаа манлайлсан аж. Шигшээ барилдаанд монгол бөхчүүдийн дуэль болж, Б.Болортуяа оноогоор цэвэр (11:0) ялснаар тус тэмцээнд анх удаа түрүүлсэн бол Б.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд Екатерина Вербинаг цэвэр даржээ.

57 кг-д Х.Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Вагерын цэвэр ялав. Тэгвэл 62 кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд шөвгийн наймд Азербайжаны Биргул Солтановаг 9:1-ээр, хагас шигшээд ОХУ-ын Алёна Тимофееваг цэвэр, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Мейси Килтиг 11:0 оноогоор цэвэр ялж, аварга боллоо.

Сүүлийн өдөр буюу өчигдөр/2021.01.30/ эмэгтэйчүүдийн 72 кг-д Э.Даваанасан, Д.Цогзолмаа нар хүрэл медалийн эзэд болсон. Э.Даваанасан алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны бөх Ксения Бураковад ялагдсан бол Д. Цогзолмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн Анна Маслаковаг цэвэр дарж тус тэмцээнээс анхны медалиа хүртсэн.

Эмэгтэйчүүдийн 76 кг буюу хамгийн хүнд жинд Г.Ариунжаргал, Н.Загардулам нар хүрэл медалийн тавцанд хамтдаа зогсов. Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр тус тус ялжээ.

Үндэсний бөх – Аймаг, цэрэг, сумын цолтой, залуу бөхчүүдийн барилдаан

Бөхийн өргөөнд өнгөрөгч Баасан гаригт сар шинийн баярт зориулсан нийтийн монгол шандастны барилдаанд 200 шандастан зодоглосноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Г.Батмөнх түрүүлж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Э.Нандин-Эрдэнэ үзүүрлэн, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат М.Түдэвдорж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Л.Цэдэнсодном нар шөвгөрчээ.

Харин өсвөр бөхийн барилдаанд 48 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, “Энжи” клубийн Т.Мөнгөн-Эрдэнэ түрүүлж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат Э.Бямбадорж үзүүрлэв. Их шөвөгт Архангайн М.Рэнцэндаржаа шалгарлаа.

Харин Бямба гаригт сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн 94 дэх удаагийн ээлжит барилдаан болж, 608 идэр залуу хүчтэнүүд уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням үзүүрлэлээ. Их шөвгийн гуравт Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Х.Бумбаяр шалгарч, дунд шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Сант сумын заан Д.Бат-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын заан Б.Өсөхбаяр нар үлдэв.

Өчигдөр/2021.01.30/ Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болсноос цэргийн арслан М.Лхагвагэрэл түрүүлж, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэжээ. Их шөвөгт аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, цэргийн начин Т.Батсүрэн нар шалгарсан аж.

Жүдо – Португалийн Гран При

Жүдо бөхийн 2022 оны анхны Гран При тэмцээн Португал улсын Альмейда боллоо. Монгол Улсаа төлөөөлөн нийт 19 залуу тамирчин энэхүү тэмцээнд оролцсон юм.

Эрэгтэйчүүдийн -60 кг-д Б.Цогт-Очир өрсөлдөж, эхний даваандаа эзэн орны Родриго Коста Лопесийг нэмэлт цагт, хоёрдугаар тойрогтоо Австралийн Жошуа Катзийг иппон үнэлгээгээр тус тус ялжээ. Харамсалтай нь хэсгийн аваргын төлөө Парисын Их дуулгын аварга Азербайжаны залуу од Балабай Агхаевт ялагдсан ч торгуулийн тойрогт 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Испаний Франческо Гарригосыг вазари үнэлгээгээр, хүрэл медалийн төлөө Европын залуучуудын аварга Италийн Ангело Пантаног нэмэлт цагт буулгаж авч, IJF-ийн дэлхийн цуврал, Гран При ангилалаас анхны медалиа авлаа. Түүнтэй хамт энэ жинд хүч үзсэн Э.Сумъяабазар хэсгийн аваргын төлөө хүрэл медалийн төлөө ялагдсанаар гурав дахь удаагаа IJF-ийн дэлхийн цувралд тавдугаар байр эзэллээ.

Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Л.Анхзаяа оролцож, Л.Анхзаяа эхний тойрогтоо Израйлын Сагив Сахарыг, дараа нь тэмцээний чансааг тэргүүлэгч Мартин Хожакыг, хэсгийн аваргын төлөө Францын Жоан-Бенжамен Габаг тус тус дийлсэн. Гэвч хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевт ялагдан улмаар хүрэл медалийн Молдавын Петру Пеливаныг ялснаар IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ. Түүнтэй хамт энэ жинд зодоглосон -66 кг-ын Монгол Улсын аварга Г.Сод-Эрдэнэ хүрэл медалийн төлөө ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *