Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

DNN-ЯРИЛЦЛАГА: ​Юу ч бодолгүй хийсэн бичлэг маань их хандалт авч, цааш үргэлжлүүлэх урам өгсөн


Сүүлийн үед шинэ содон, хошин бичлэгүүдээрээ олонд танигдсан “Армата студи”-ийн гишүүн “Юумар” пэйжийн админ Б.Тэмүүжинтэй ярилцлаа.

Түүний хамгийн сүүлд оруулсан бичлэг нэг хоногийн дотор 173.000 хүнд хүрч 19.000 лайк цуглуулсан юм.


-Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Тэмүүжин гэдэг. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул. Одоогоор СУИС-ийн Театр урлагийн жүжиглэх урлагийн дөрөвдүгээр курст суралцдаг.

-Багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан бэ?

-Хөгжимчин, дуучин л болно гэж боддог байлаа. Эмээгийнхээ орон дээр хөшиг татчихаад хөгжим тоглоод, дуулдаг хүүхэд байсан гэж ярьдаг юм. Төгөлдөр хуураар 13 жил хичээллэж байна.

-Яагаад влог хийх болсон талаараа сонирхуулаач. Мөн ямар сэдвийг онцолдог вэ?

-Сонирхлоороо чөлөөт цагаараа фэйсбүүк дээр богино хэмжээний бичлэгүүд хийж эхэлсэн. Өмнө нь зөндөө бичлэг хийдэг байсан ч тэр болгон хүмүүст хүрдэггүй байсан юм. Тэгээд анхны юу ч бодолгүй хийсэн бичлэг маань хандалт их авах үед цаашаа сайжруулаад явахад боломжийн санагдсан. Влогны сэдэв гэвэл хэзээ ч дуусашгүй хайр дурлалын талаар онцолдог.

“Юумар” нэрний талаар тайлбарлавал. Олон хүн сонирхдог байх?

-“Юумар” гэдэг нь мэргэжлийн жүжигчний уран чадварын талаас инээдтэй, хөгжилтэй гэсэн утгатай үг л дээ. Өмнөх фэйсбүүк нэр маань “Аааашшшшшахкуюу” байсан(инээв).

-Пэйжээ нээгээд хэдий хугацаа өнгөрч байна вэ?

-2021 оны долдугаар сарын 11-нд нээж байлаа. Одоо 8 сар болох гэж байна. Хэдхэн сарын дотор хандалт нь өссөн байхыг хараад улам их хичээж, сайжруулах ёстойгоо ойлгодог. Одоогийн байдлаар 57.537 дагагчтай.

-Анхны бичлэг нь олонд хүрэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Гоё санагдсан уу?

-Тухайн үед хөдөө найзуудтайгаа зугаалж байсан юм. Тэгээд утасны цэнэг дуусах гээд нэг найздаа тохиолдсон явдлын талаараа хошигносон байдлаар бичлэг хийгээд оруулаад орхичихсон. Орой нь хотод ирээд утсаа асаатал фэйсбүүкт их мэдэгдэл, найзын хүсэлт ирчихсэн байсан. Тэр үед маш гоё санагддаг юм билээ. Тэгээд л дараа дараагийн бичлэгтээ илүү анхаарч, сэтгэл гаргачихвал боломжтой гэж бодоод илүү хөдөлмөрлөж эхэлсэн.

-Олонд хүрсэн бичлэг нь ямар утгатай байсан бэ?

-Манай найзад тохиолдсон явдал л даа. “Манай найз охин гэрийнхэнтэйгээ Хөвсгөл рүү аяллаа гэсэн чинь өөр залуугийн стори дээр Тэрэлжид явж байна” гэдэг утгатай бичлэг.

Нэг бичлэг хэр олон хүний оролцоотойгоор хэдий хугацаанд бүтэх үү?

-Ганцаараа бичиж байх үедээ 5-10 минутыг зарцуулдаг. Хааяа шаардлагатай үед нэг хоёр хүнээр гэрэл тавиулж, утсаа бариулж туслуулдаг. Тэр үед 15-30 минут болно.

-“Юумар” пэйжид албан ёсоор хүн нэмэх бодол бий юу?

-Цаашдаа найз охины дүр бүтээх нэг эмэгтэйг албан ёсоор урьж хамтарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь илүү хөгжиж, хүрээгээ тэлнэ.

-Бичлэгээ ямар насны хүмүүст түлхүү хүргэхийг зорьж байна вэ?

-Өсвөр насныхан их үзэж сонирхож байгаа санагддаг. Харин одоо хийж буй ажлууд маань 20-30 насныхны хүрээг хамруулахаар чиглэгдсэн.

No description available.

-Албан байгууллага, үйлчилгээний газрууд реклам, сурталчилгааны талаар холбогдох уу?

-Ер нь холбогддог. Гэхдээ миний бичлэгийг 13-17 насны хүүхдүүд үздэг учраас тэр болгон рекламны санал хүлээж авдаггүй. Харин “Армата студи” маань реклам, зар сурталчилгааны саналыг хүлээж авч хамтарч ажилладаг.

-Цаашдаа фэйсбүүк бичлэгээ үргэлжлүүлэх үү?

-Бичлэгээ үргэлжлүүлнэ. Хүрээгээ тэлж, олныг хамруулах болно. Хажуугаар нь “Армата студи”-н хамт олонтойгоо кино контентоо бас бүтээнэ. Удахгүй “Хоньтээнт” нэртэй 40 минутын богино хэмжээний контент IPTV-ээр цацагдана. Нэмж сонирхуулахад контентынхоо ОСТ-ыг нь өөрөө дуулж байгаа шүү(Инээв).

No description available.

М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *