Categories
гадаад мэдээ

Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ

Сарны тооллын шинэ жилийн баярыг угтуулан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өөрийн гарын бэлгийг тус улсад суудаг гадаадын элчин сайд нарт саяхан илгээжээ.

Тэгвэл Сөүл хотод суудаг Япон улсын элчин сайд уг бэлгийг хүлээж авахаас татгалзаж, буцаасан тухай Бямба гаригт Японы хэвлэлүүд мэдээлсэн байна.

Солонгосын уламжлалт дарс болон бусад эд зүйлсийг хийсэн бэлгийн хайрцгийн гадна талд Докдо арлыг дүрсэлсэн нь бэлэг буцаахад хүргэсэн байна. Докдо бол Өмнөд Солонгос, Япон улсуудын дунд тэнгист орших хос хадан цохионоос бүрддэг жижиг арал юм.

Уг арлын харьяаллын асуудал хоёр улсын дунд газар нутгийн маргааны сэдэв болдог.

Докдо арал нь шинэ оны нар хамгийн түрүүнд тусдаг Өмнөд Солонгосын газар нутаг тул сар шинийн бэлгийн хайрцаг дээр дүрсэлсэн гэж Сөүлийн албаныхан тайлбарласан байна.

Бэлгийг буцаасан Япон улсын элчин сайдын яам Баасан гарагт Өмнөд Солонгосын талд эсэргүүцэл илэрхийлж, Докдо арал өөрийнх нь газар нутаг болохыг дахин илэрхийлжээ.

Солонгосчуудын нэрлэдгээр Зүүн тэнгис, япончуудын нэрлэдгээр Япон тэнгист орших Докдо (японоор Такешима) арлыг 1945 оноос хойш Өмнөд Солонгосын засгийн газар хяналтдаа байлгаж, харуулын цэг байрлуулах болсон байна.

Эх сурвалж: Yonhap News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *