Categories
гадаад мэдээ

“Ковид-19” халдварын эрчим буурч эхлэв

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-өөр халдварласан 18 сая гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 20 хувиар өслөө гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо хоног тутмын тайланд мэдээлэв.

Харин энэ сарын 11-нд танилцуулсан тайланд халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос 55 хувиар өссөн гэж мэдээлж байсан юм. Энэ нь“COVID-19”-ийн халдвар өнгөрсөн долоо хоногоос 35 хувиар буурсан гэсэн үг юм. “Хэдийгээр халдварын тохиолдлын өсөлт дэлхийн хэмжээнд саарч байгаа ч нэгдүгээр сарын 11-16-нд Африкаас бусад бүс нутагт өвчлөл өмнөх долоо хоногийнхоос өссөн. Африкийн хувьд энэ үзүүлэлт 27 хувиар буурлаа” гэж ДЭМБ-аас хамгийн сүүлд гаргасан тайланд тэмдэглэжээ. Зүүн-Өмнөд Азийн бүс нутагт өвчлөл хамгийн ихээр буюу 145 хувиар өссөн бол араас нь Газар дундын тэнгисийн зүүн бүс /68 хувь/, Номхон далайн баруун бүс /38 хувь/, Америкийн бүс /17 хувь/, Европын бүс /10 хувь/ тус тус жагссан байна.

Мөн дэлхийн улсуудаас АНУ-д хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн бол Франц, Энэтхэг, Итали, Их Британи удаалжээ. Нэгдүгээр сарын 16-ны байдлаар, дэлхийд “COVID-19” халдварын 323 сая гаруй тохиолдол батлагдсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас нас барсан 45 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхтой ойролцоо үзүүлэлт болжээ. Мөн Зүүн-Өмнөд Азийн бүс, Америкийн бүсэд халдвараар нас барсан тохиолдлын тоо 12, 7 хувиар тус тус нэмэгдсэн бол бусад бүс нутагт өмнөх долоо хоногийнхтой ойролцоо байжээ.

Дэлхий даяар нэгдүгээр сарын 16-ны байдлаар 5.5 сая гаруй хүн халдвараар нас бараад байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын тал хувь нь вакцинд хамрагдсан болохыг ДЭМБ-ын Эрүүлийг хамгаалах салбарын Онцгой хэрэг явдлыг хариуцсан захирал Майкл Райан мэдэгдлээ. “Одоогийн байдлаар дэлхийн хүн амын тал нь вакцины хоёр тунгаар тариулаад байна. Гэхдээ Африкийг аваад үзвэл тэнд вакцинжуулалт дөнгөж долоон хувьтай байна” гэж Райан Дэлхийн эдийн засгийн чуулганы вакциныг шударгаар хуваарилах асуудлаар хийсэн онлайн бага хурал дээр мэдэгджээ. Африкт вакцинжуулалт ийм бага байгаа нь дэлхийн үзүүлэлтийг хойш нь татаж байгаа аж. Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнөөгийн цар тахалтай тэгш нөхцлөөр тэмцэхийг уриалаад байсан билээ.


ОХУ-ын цэргийн хүчин хамтарсан сургуулилт хийхээр өөрсдийн техник хэрэгсэлтэйгээ Беларусьт ирэв. Хамтарсан сургуулилт ирэх хоёрдугаар сард эхлэх юм. “Холбоотны шийдвэр” нэртэй сургуулилт Беларусийн баруун хэсэгт буюу “NATO”-гийн гишүүн Польш, Литва улсын хилийн ойролцоо болох аж. Харин өмнөд хэсгээрээ Украинтай хиллэдэг хэсэгт сургуулилт болно гэдгийг Беларусийн удирдагч Александер Лукашенко мэдэгдэв. “Яг тодорхой огноог нийтэд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол дайнд бэлдэж байна гэж биднийг буруутгах болно” гэж тэрбээр цэргийн дээд албан тушаалтнууддаа анхааруулжээ. Харин Орос улс Украины хилийн ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь түрэмгийлэх санаархал хэмээн барууныхан анхааруулсаар байгаа юм.


Германы давхар даатгалын үйлчилгээний “Munich Re” компани 2021 онд дэлхий даяар байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 280 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 247 тэрбум еврод хүрсэн болохыг мэдээлэв. Хохирлын дийлэнх буюу 145 тэрбум ам.доллар нь өнгөрсөн онд үер, хар салхи зэрэг гамшгууд амссан АНУ-д ногджээ. Өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр АНУ-ын зүүн хэсгийг дайран өнгөрч, Нью-Йоркийн нутаг дэвсгэрт үерийн гамшиг учруулсан “Айда” хар салхийг “Mu­nich Re” онцлон тэмдэглэв. Тус компани олон арван жилийн турш манай гариг дээр болсон байгалийн гамшгийн хохирлуудыг баримтжуулж ирсэн билээ. Швейцарийн давхар даатгалын “Swiss Re” концерн 2021 оны арванхоёрдугаар сарын дундуур дэлхий даяар байгалийн гамшгаас үүдсэн хохирлын хэмжээг 250 тэрбум ам.доллар буюу 221 тэрбум еврод хүрсэн гэж тооцоолсон бол Британийн “Christian Aid” хүмүүнлэгийн байгууллага байгалийн гамшгийн улмаас 170 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 150 тэрбум еврогийн хохирол учирсан гэж тооцжээ.


Өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах Бээжингийн хорооноос ОХУ-д үйлдвэрлэсэн “Ковид-19”-ийн эсрэг вакциныг тариулсан тамирчдыг 2022 оны өвлийн наадамд оролцохыг зөвшөөрчээ.Орос улсад одоогийн байдлаар “Ковид-19”-ийн таван вакцин хэрэглэж байгаа юм. Эдгээр нь Гамалейн нэрэмжит тархвар, микробиологийн үндэсний судалгааны төвөөс зохион бүтээсэн “Спутник-V” ба “Спутник Light”, Вирус судлал, биотехнологийн судалгааны төвөөс бүтээсэн “EpiVacCorona” ба “EpiVacCorona-N”, Чумаковын нэрэмжит Дархлаа судлалын холбооны эрдэм шинжилгээний төвийн “Covi­Vac” вакцин юм. Эдгээрээс “Sputnik Light” нь нэг тунгаар хийдэг вакцин юм. Өвлийн 2022 оны Олимпийн наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-нд болох бол паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болно.


НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш дэлхийн нийтийн бараа бүтээгдэхүүний зөвлөх байгууллагын даргаар ажиллах саналыг ХБНГУ-ын канцлер асан Ангела Меркельд тавьжээ. Уг зөвлөх байгууллага НҮБ-ын хамгийн том төслийн нэг аж. Харин Ангела Меркель уг ажлын саналд хараахан хариу өгөөгүй байна. Ангела Меркель нь 2021 оны арванхоёрдугаар сард Германы канцлерын албан тушаалаа өгсөн юм. Тэрээр канцлерын албан тушаалаас буусныхаа дараа дахин улс төрд орох сонирхолгүйгээ мэдэгдэж байжээ.


Эмнэлгийн цэнхэр өнгөтэй амны хаалттай эрчүүд эмэгтэйчүүдэд илүү таалагддаг болохыг Кардиффын их сургуулийн судалгаа тогтоожээ. Энэхүү судалгааг Их Британид амны хаалт заавал зүүх шийдвэр гарахаас өмнө буюу 2021 оны хоёрдугаар сард явуулж 40 эрэгтэй оролцон эмнэлгийн цэнхэр болон бусад өнгийн амны хаалттайгаар цээж зургаа авхуулсан аж. Харин эмэгтэйчүүд зургуудыг 1-10 оноогоор үнэлэхэд цэнхэр масктай эрчүүдийн зураг бусдаасаа илт илүү оноо авсан байна.

BBC.CNN. REUTERS. CGTN.TASS. RIA Novosti-гоос бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *