Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

DNN-ЯРИЛЦЛАГА: Хуурцагт бүтэн цомог багтдаг шиг “Кассета” кино яг л тийм бүтэцтэй

Кино театрын дэлгэцнээ гарч буй шинэхэн уран бүтээл болох “Кассета” киноны гол дүрийн жүжигчин Д.Ганбаттай ярилцлаа. Тэрбээр “Gangbay хамтлагийн дуучин юм.

“Кассета” УСК-ны хувьд 10 орчим реп battle, дуунаас бүрдэх бөгөөд Монголын анхны реп мюзикль уран бүтээл гэдгээрээ онцлог.


-Монголд анх удаа хип хоп мюзикль кино бүтээлээ. Киноныхоо тухай ярихгүй юу?

Хип хоп мюзикль “Кассета” кино нь бид хоёрын анхны хамтарсан мэргэжлийнхээ дагуу хийсэнуран бүтээл. Монголд анх удаагаа хийгдсэн. Зохиолч, найруулагчаар нь манай хамтлагийн залуу С.Баянмөнх ажиллаж гол дүрийг нь миний бие бүтээсэн.

-Хамгийн түрүүнд киноны нэр сонирхол татаж байна л даа. Яагаад “Кассета” гэж нэрлэх болов?

-Манай кино ерөнхийдөө яг кассета шиг гэсэн үг. Хуурцгийг хөгжимд хийхэд дотор нь бүтэн цомог байдаг шиг кассета кино яг л тийм бүтэцтэй. Гол дүрийн маань эмэгтэйн нэрийг мөн Кассета гэдэг.

-Таны анхны дүр, анхны кино уран бүтээл байсан уу. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Дамдинпүрэвийн Ганбат гэдэг. 1999 онд төрсөн. СУИС-ийг 2020 оны хавар мюзикль театрын жүжигчний мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Манай хамтлагийн гишүүн С.Баянмөнх бид хоёр нэг ангид суралцдаг. Тэгээд төгсөх жилдээ цугтаа дуу хийхээр шийдээд “Gangbay” хамтлагаа байгуулж байлаа.

Харин “Кассета” кино миний хувьд анхны кино уран бүтээл, анхны дүр байсан. Баянаагийн хувьд хоёр дахь кино нь байх шүү.

-Кино хэр хугацаанд бүтсэн бэ. Мөн кино багийн хамт олныхоо талаар яривал?

-Ер нь бол 20-25 насны нэг хүсэл зорилготой залуучууд нэгдэж нэг сарын хугацаанд кино бүтээлээ амжилттай дуусгасан. 18 хоногийн турш зураг авалт явагдаж, үлдсэн хоногуудад кино монтажхийгдсэн. Кино багийн хувьд 15 гаруй жүжигчин, ерөнхий болоод туслах гурван найруулагч, арын албыг хариуцаж ажилласан “Халх” продакшны чадварлаг залуустай нийлээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Дашрамд “Халх” продакшныхаа хамт олонд баярлалаа.

-“Кассате” кино бүтсэн түүхээс сонирхуулбал?

-Бид хоёр тамхилах зуураа гадаадынх шиг хип хоп кино хийвэл гээд өдөр нь ярилцаад өнгөрсөн юм. Тэгээд орой нь нөгөө кино чинь ингэвэл яах уу? тэгвэл яах уу? гэж маазарч ярьсаар байгаад сүүлдээ санаа нийлээд киногоо хийхээр болсон. Маргааш өглөө нь Баянаа кино зохиолоо бичиж эхлээд гурав хоногийн дотор дуусгасан. Ер нь кино маань хурдан хугацаанд бүтсэн.

-Кино дүрийн сонголтын хувьд… Олны танил хүмүүсээс оролцон тоглосон хүмүүс бий юү?

-Байгаа. Реппэр Desant, У.Мөнхбагана /реппэр Rookie/, СТА Л.Таванбаяр,
Б.Хосбаяр, СТА П.Мөнх-Од зэрэг олон хүн тоглосон.

-Хэцүү зураг авалт байсан уу?

-Шоронгийн зураг авалтын хэсэг дээр 72 цагийн турш унтаагүй. Түрээсэлсэн заалны хугацаа дөхөөд зураг авалтаа хурдан дуусгах шаардлага гарсан. Тэгээд хүйтэн зааланд нэг ч гадагш гаралгүй 35-уулаа гурав хоносон. Тэр хэсгийн зураг авалт дээр ёстой өдөр шөнөгүй ажилласан даа.

-“Gangbay хамтлагийн дууны клип богино хэмжээний кино шиг байдаг. Кино, клип хоёр хоорондоо хэр ялгаатай байсан бэ?

-Маш их ялгаатай байсан. Клип бол хоорондоо яриад л ингэе, тэгье гээд л санаа нийлж бүтдэг. Кино бол маш олон баг ажиллана. Техт ярих, дэс дараа уялдаа холбоог сайн харуулах, логик алдаагүй гаргах гэх мэтчилэн олон зүйлээрээ ялгаатай.

-Уг киногоор дамжуулж нийгэмд ямар мессэж өгөхийг зорив?

-Манай үеийн залуучуудын дийлэнх нь хар тамхийг сонирхож зарим нь хэрэглэж байна. Тэр зүйлээс огтхон ч айхгүй байна. Монголд зөвшөөрөх ёстой гэсэн буруу хандлагыг төрүүлж байна. Монгол, тэр тусмаа Улаанбаатар бол жижиг хот. Хүн ам цөөн улсад тэр хорыг зөвшөөрчихвөл гэмт хэрэг ихсэж нийгэм тэр чигтээ муу муухай болж хувирна. Монгол Улсад хар тамхийг зөвшөөрсөн ч хүмүүс ухамсартай хэрэглэж чадахгүй. Хар тамхинаас болж алдаж, аавын хаалга татсан олон залуучууд байна. Тиймээс биднийг сонсож байгаа залуус, дүү нартаа битгий энэ хорыг хэрэглээрэй гэж сануулж сэргийлэх үүднээс энэхүү сэдвийг хөндсөн юм.

-Дэлгэцийн уран бүтээлийг яагаад сонирхов. Танай хамтлаг дахиж кино хийх үү?

-Миний хувьд зөвхөн дуугаа дуулаад явах хүсэлтэй байсан ч Баянаа маань кино урлаг тал руу сонирхолтой. Найзынхаа хүсэл сонирхлыг дэмжээд мөн өөрсдийгөө өөр зүйлд сорьж, хөгжүүлж үзэхийн тулд кино хийж, дүр бүтээж үзлээ. Тэр маань ч амжилттай боллоо. Дараагийн дэлгэцийн уран бүтээлийн ажилдаа орсон. Баянаа маань зохиолыг нь бичиж, ерөнхий найруулагчаар ажиллана.Би мөн адил гол дүр бүтээж байгаа.

-Хамтлагийн уран бүтээлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Шинэ дуу, уран бүтээл гарахад хэр их догдлол, айдастай байдаг вэ?

-Айдастай байх үе их байсан. Одоо бол айдас гэхээсээ илүү догдолсон сэтгэлээр шинэ уран бүтээлүүдээ цацдаг. Учир нь бүх зүйлээ зориулж чин сэтгэлээсээ ажиллаж, хийж бүтээж байгаа учир юунаас нь айхав дээ гэж бодох болсон.

-Баянаа та хоёр хамт амьдардаг гэж байсан. Өөрсдөдөө тохиолдсон хөгжилтэй явдал, дурсамжаасаа хуваалцаач?

-Бид хоёр цуг амьдардаг л даа. Тэгээд амьтан тэжээе гэж ярилцаад Баянаа нэг нохой, би нэг муур авч тэжээсэн. Тэгсэн нөгөө хоёрыгоо сайн тэжээж чадахгүй өлсгөөд би муураа хүнд өгөөд, нохойтойгоо үлдлээ. Тэгсэн нохойгоо салхилуулж амжихгүй явсаар нохой маань рахит тусаад хойд хоёр хөл нь явахаа болиод буцааж эзэнд нь аваачиж өгсөн. Харин муур маань байрны хогийн цэг дээр мангар тарган болчихсон явж байна лээ. Уг нь тэр охин миний муурыг маш сайн тэжээнэ гээд авсан юм(инээв).

Амьтанд хайртай сонирхолтой хүмүүст хандаж хэлэхэд маш сайн судалж, сургаж тэжээхгүй бол арчилгаа их хэцүү юм байна лээ шүү. Өөрсдөө тэжээж үзээд мэдэрлээ.\

М.Сайнзаяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *