Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй, гар аргаар хийсэн бууз банш худалдан авахгүй байхыг сануулав. Чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлдвэрлэгч нараас бууз, баншаа худалдан авах ёстойг санууллаа.
МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын байцаагч Л.Баясгалан “Тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Иргэд худалдан авалт хийхдээ сонголтдоо маш их анхаарах ёстой. Гарал үүсэл тодорхойгүй гэдэг нь хаана хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй гэсэн үг. Хаяг шошго, үйлдвэрийг нь маш сайн судалж худалдан авалт хийх хэрэгтэй.
Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, машины ар зэрэг чанарын шаардлага хангахгүй худалдаж байгаа сүү, мах зэргийг худалдан авахаас зайлсхийхийг зөвлөе. Ер нь буузыг хамгийн багадаа л 5-6 цаг хөлдөөлдөг. Гадаа агаарын бохирдолтой орчинд хөлдөөхөд ямар нэг байдлаар эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс болж өгвөл хөргөгч, хөргүүр зэрэг зориулалтын тоног төхөөрөмжтэй газар хөлдөөх хэрэгтэй” гэв.