Categories
мэдээ нийгэм

Их Британичууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардлаа

Их Британийн хэвлэлүүд тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон 2020 оны тавдугаар сард буюу Англи улсад ковидын хатуу хөл хорио тогтоосон үед гэртээ олон хүн цуглуулж, хувийн үдэшлэг зохион байгуулсан талаарх баримтыг дэлгэсэн.

Тодруулбал, Ерөнхий сайдын нарийн бичиг Мартин Рейнольдс Засгийн газрын гишүүд болон ажилчдыг үдэшлэгт урьсан цахим шуудан илгээсэн нь баримтаар илчлэгдсэн. Цахим шууданд тэрээр үдэшлэг эхлэх цагийг тодорхой бичээд зочдыг “өөрийн уухыг хүссэн ямар ч алкоголиа авч ирж болно” гэдгийг дурдсан байжээ.

Тэгвэл Борис Жонсон лхагва гаригт “Даунинг-стрит №10” буюу Ерөнхий сайдын өргөөнд үдэшлэг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, ковидын хатуу хөл хорионы журам зөрчиж, үдэшлэг зохион байгуулсандаа уучлалт хүссэн байна.

Борис Жонсон энэ талаар “Олон сая хүн сүүлийн 18 сарын хугацаанд маш их зүйлс золиосолсныг би мэднэ. Иргэд намайг болон миний удирдаж байгаа Засгийн газар дүрэм журмыг зохих ёсоор дагаж мөрддөггүй гэдгийг мэдээд бухимдаж байгааг ойлгож байна” гэсэн юм. Гэвч тэрээр өөрийнхөө үйлдлийг “Би үдэшлэгийг дүрэм журам, халдвар хамгааллыг сахисны үндсэн дээр зохион байгуулагдаж байгаа ажлын арга хэмжээ гэж бодсон” гэж өмгөөлсөн байна.

Улмаар Их Британийн хөдөлмөрийн намын дарга Кейр Стармер тэргүүтэй сөрөг хүчний улстөрчид Ерөнхий Сайд Борис Жонсоныг хийсэн үйлдэлдээ ёс зүйн хариуцлага хүлээж, огцрохыг шаарджээ. Ийнхүү Их Британийн улс төрийн хүрээнд Борис Жонсоныг Ерөнхий сайд болон эрх баригч Консерватив намын даргын албан тушаалаас огцруулах тухай асуудал хүчтэй яригдаж эхлээд байна.

Тухайлбал, парламент дахь Консерватив намын нөлөө бүхий гишүүн болох Сэр Рожер Гейл “Борис Жонсон улс төрийн хувьд аль хэдийн алхаж яваа үхсэн хүн болсон” гэжээ.

Эх сурвалж: The Guardian, Huffingtonpos

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *