Categories
гадаад мэдээ

Казахстаны байдал тогтворжих болоогүй байна

Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын 2000 орос болон бусад дөрвөн улсын 500 орчим цэрэг казахстан улсад орж ирэн стратегийн байгууллагуудыг хамгаалалтад авч эхлэв. Тус улсад хүчний байгууллагынхан 8000 гаруй террост халдлага үйлдэгчийг баривчилсан тул байдал харьцангуй тогтворжсон гэж Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдсэн юм. Харин олон хотод өнгөрсөн хугацаанд эмх замбараагүй байдал үүсээгүй тайван байгаа бөгөөд жагсагчид болон хүчний байгууллагын хооронд мөргөлдөөн гаралгүй, цагдаа нар иргэдтэйгээ нийлсэн хот ч цөөнгүй байна. Эдгээр хотын жагсагчид одоогийн төрийн тэргүүнийг огцорч чөлөөт сонгууль явуулахыг шаардаж эхлэв. Харин эмх замбараагүй байдлын голомт болсон Алмата хотод байдал харьцангуй тогтворжсон нь үнэн. Энэхүү эмх замбараагүй байдлыг хүчний байууллагын дэмжлэгээр зохион байгуулсан хэмээн НАХХ буюу иргэдийн дунд Назарбаевыг Аюулаас Хамгаалах Хороо гэгддэг байсан Нийгмийн Аюулаас Хамгаалах Хорооны дарга дэслэгч генерал Карим Масымовыг “Эх орноосоо урвасан” хэрэг тулгаж баривчлав. Карим Масымов нь Нурсултан Назарбаевын хамгийн ойрын хүмүүсийн нэг бөгөөд 2012-2014 болон 2007-2016 онуудад ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Мөн Назарбаевын бага дүүгийн хүү, Нийгмийн Аюулаас Хамгаалах Хорооны нэгдүгээр орлогч дарга дэслэгч генерал Самат Абишийг ч албан тушаалаас нь зайлуулсан ч хэвээр ажиллаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Бас генерал Карим Масымовын дэмжлэгээр дээрэм, тонуул хийх ажлыг гардан зохион байгуулсан хэргээр “Зэрлэг Арман” гэх хочит эрүүгийн архаг гэмт хэрэгтэн Арман Жумагельдиевийг таван хамсаатных нь хамт цагдаа нар баривчилсан байна.

Казахстан улсад үүссэн зөрчил үймээний улмаас цагдаа нар болон жагсагчдын хооронд буудалцаан болж амь үрэгдсэн хүний тоо 164-т хүрсэн гэж эх сурвалжууд мэдээлэв. Үүнээс 103 нь Алматы хотод бүртгэгсдэн аж.

Казахстанд нэгдүгээр сарын 2-ноос хойш онц байдал тогтоон, жагсагч, тэмцэгчдийг хүчээр дарах ажиллагаа эхлүүлснээр 8000 гаруй хүнийг баривчилсан бөгөөд тэдний дунд гадаадын цөөнгүй лалын дайчид байгааг Казахстаны ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлжээ. Онц байдал тогтоосон хугацаанд шөнийн цагаар хөл хорио үйлчилж буй юм. Казахстаны ерөнхийлөгч Касым Токаевын мэдээлснээр 20 мянга орчим “танхай этгээд” хууль сахиулагчид руу гал нээсэн гэж мэдэгдээд ард түмнийхээ эсрэг галт зэвсэг ашиглахыг цагдаа нарт зөвшөөрсөн юм. Үүнийг барууны улсууд болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хурцаар шүүмжилсэн.

Шатахууны үнийг эсэргүүцэж эхэлсэн тайван жагсаал сүүлдээ бослого, үймээн болж улс даяар өрнөж буй нь Казахстаныг сүүлийн 30 жил удирдсан ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев суудлаасаа буусан ч залгамжлагчаараа дамжуулан нөлөөгөө тогтоосоор буйг ард түмэн эсэргүүцэн боссон хэрэг юм.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олон нийтэд хандан хэлсэн үгэндээ Нурсултан хот хэмээхгүй нийслэл хот гэсэн бөгөөд олон арван хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан нэгдүгээр сарын 10-ынг бүх нийтийн гашуудлын өдөр болгон тэмдэглэв. Мөн тус улсад Назарбаевыг Өмнөд Хятадын тэнгист оршдог Хайнань аралд нуугдаж байна гэсэн цуу тараад байсан бол “Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр төрийн тэргүүнд хүлээлгэн өгсөн” гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай мэдээлжээ. А.Укибай улс орноосоо Н.Назарбаевыг дүрвэсэн гэх мэдээллийг няцаагаад, түүнийг нийслэл Нур-Султан хотод байгаа бөгөөд Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай холбоотой байгаа гэж мэдээлсэн байна.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн улсуудын асуудлаар мэргэшсэн, Вашингтоны Батлан хамгаалах асуудлын Үндэсний их сургуулийн Бүс нутгийн судалгааны адъюнкт-профессор Эрика Марат Германы “Ta­gesschau” телекомпанид өгсөн ярилцлагадаа “Энэ бол төр, засагт байгаа цөөнхийн гэр бүл хэт баяжиж, жирийн иргэд хэт ядуурснаас болж үүссэн жинхэнэ хувьсгал. Иймээс Казахстаны эсэргүүцлийн хөдөлгөөн урт, удаан хугацаанд үргэлжилнэ” гэж цохон тэмдэглэсэн байна.

АНУ, ОХУ-ын аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт хэлэлцээрийн эхний шат Женев хотноо эхэлсэн байна. Уржигдар болсон эхний уулзалтын талаар ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Сергей Рябков хоёр тал асуудалд хариуцлагатай хандаж байгаа бөгөөд байр сууриа хатуу хамгаалж, үр дүнд хүрэхэд хүнд байсан ч уулзалт ажил хэрэгч болж өнгөрсөн. Тиймээс 10-ны уулзалтад найдлага тавьж болно гэж хэлсэн байна. Мөн тэрээр “Би хэзээ ч өөдрөг байдлаа алддаггүй” гэж хэлжээ. Харин Вашингтон “Хэлэлцэн тохирох ямарваа шинж тэмдэг одоогоор гараагүй байна. Хэлэлцээнд дэвшил гарах эсэх нь Москва байр сууриа сулруулах эсэхээс шууд хамаарна” гэж мэдэгдэв. Энэхүү хэлэлцээрээр ОХУ-ын тавьж буй гол санал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд болох Украин, Гүржийг НАТО-д элсүүлэхгүй байх явдал юм. Өөрөөр хэлбэл, Украины хувь заяаг хоёр их гүрэн шийдэж байгаа бөгөөд украинчууд энэ байдлыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан билээ. Тэд АНУ-аас гадна Германыг хэдэн жилийн өмнө тавигдсан Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлыг ажил хэрэг болгохыг шаардсан байна.


Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун ахмад настнуудыг омикрон хувилбараас үүдэлтэй хүнд өвчлөлөөс өндөр түвшинд хамгаалж байгаа нь Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар батлагджээ. Энэхүү судалгаагаар вакцины нэмэлт тунг хийлгэснээс хойш гурван сарын дараа 65 ба түүнээс дээш насныхныг эмнэлэгт хэвтэхээс хамгаалах хамгаалалт 90 орчим хувьтай хэвээр байгаа нь нотлогдсон байна. Бүүстэр тунгийн хүндрэлээс хамгаалах хугацаа урт байгаа бол хөнгөн хэлбэрийн шинж тэмдгийн халдвараас хамгаалах хугацаа харьцангуй богино байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэмэлт тун хийлгэсэн ч халдвар авч болох бөгөөд өвчний хүндрэл, нас баралт эрс бага байгаа аж.


БНХАУ-ын Тяньжин хотод “Ковид-19”-ийн дотоодод халдварласан 20 шинэ тохиолдол илэрлээ гэж тус хотын эрх баригчид мэдээлэв. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь шинж тэмдэггүй байсан бөгөөд бүх өвчтөнийг нэмэлт оношилгоонд хамруулж, эмчлэхээр эмнэлгүүд рүү шилжүүлсэн гэж хотын “Ковид-19”-ийг хяналтад авах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.Тяньжин хотын оршин суугчдаас шаардлагагүй тохиолдолд хотоос гарахгүй байхыг хүсч байгаа юм. Мөн хотоос гарах иргэд 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний гэрчилгээ, эрүүл мэндийн ногоон кодтой байх ёстой юм байна. Тяньжинд эпидемиологийн судалгааг үргэлжлүүлэн хийж байна.


Японд ганц өдөрт коронавирусийн халдварын 8249 тохиолдол илэрлээ гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд мэдээлсэн нь долоо хоногийн өмнөхөөс 14 дахин өссөн үзүүлэлт болжээ.Ингэснээр өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр өдөр дараалан мянга давсан байна. Баруун өмнөд Окинава мужид ням гаригт 1533 тохиолдол шинээр илэрсэн нь мужийн хэмжээнд өдөрт бүртгэгдсэн хоёр дахь өндөр үзүүлэлт болсон байна. Тус мужид хамгийн өндөр үзүүлэлт /1759 тохиолдол/ өмнөх өдөр нь бүртгэгджээ. Окинавагийн эрх баригчдын мэдээлснээр, муж дахь АНУ-ын цэргийн баазуудад ням гаригт халдварын 429 тохиолдол шинээр батлагдсан байна. Мөн Токио хотын засаг захиргаа нийслэл хотод ням гаригт 1223 тохиолдол илэрснийг мэдээлжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 15 дахин өссөн үзүүлэлт болсноос гадна есдүгээр сараас хойш анх удаагаа 1000 давсан тохиолдол юм байна.


BBC.CNN. REUTERS. NHK. RIA Novosti-гоос

бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *