ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр ЦЕГ-ын ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч Н.Золбоо БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн гэх хэргийн тухай мэдээлэл өгч, 2021 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тухай ярив.
Өнгөрөгч онд улсын хэмжээнд хүнд гэмт хэрэг 20.5 хувиар буурч, илрүүлэлт нь 4.9 хувиар өссөн байна.
Тодруулбал, өнгөрөгч онд хүнийг алах гэмт хэрэг 178 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс буурчээ. Харин хүчиндэх гэмт хэрэг өмнөх оныхоо мөн үеэс 22 хэргээр буюу 5.7 хувиар өсөж, 409 гарчээ. Харин уг гэмт хэргийн илрүүлэлт 51.9 хувьтай байгаа буюу 1.1 хувиар буурчээ.
Дээрэмдэх гэмт хэрэг 342 бүртгэгдсэн нь өмнөх оныхоо мөн үеэс 62 хэргээр буюу 15.3 хувиар буурсан байна. Илрүүлэлт нь 4.8 хувиар өссөн байна.