Categories
мэдээ нийгэм

Өршөөлөөр сулласнаас хойш 200 иргэнээс 70 гаруй сая төгрөг залилсан этгээдийг дайчлан баривчилжээ

Цахим орчинд орон сууц түрээслэх болон, бараа материал худалдах нэрийдлээр хуурамч зар байршуулан энэ оны долдугаар сараас хойш 200 гаруй иргэнийг хохироосон этгээдийг баривчилжээ.

Ховд аймгийн харьяат Б-д оноосон хоёр жилийн хорих ялыг Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, Зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хорих ангиас суллажээ.

Гэвч Б гэгч нь суллагдсан даруйдаа залилах гэмт хэрэг үйлдэж өнгөрч долдугаар сараас хойш 200 орчим иргэнийг мэхэлж, 70 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан тул Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 29-ний өдөр дайчлан баривчилжээ.

Тус хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Болдбаатар “Ховд аймгийн харьяат уг этгээд зарын дагуу бараа материал хүргэж өгнө, ажил үйлчилгээ эрхэлнэ гэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн. Улмаар Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Дархан-Уул болон нийслэлийн зургаан дүүрэгт оршин суух иргэдийг хохироосон байна.

Иймд иргэд, олон нийт цахимаар худалдан авалт хийхдээ баталгаатай, найдвартай газарт хандаж, үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлье” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *