Categories
мэдээ эдийн-засаг

“E-Mongolia” төрийн 606 үйлчилгээг нэгтгэж, 8 аймгийг цахимжуулжээ

“E-Mongolia” төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээ болон найман аймгийн нутгийн захиргааны 498 үйлчилгээг цахимжуулжээ. Тус системд цахимжаад буй 606 үйлчилгээний 164 нь лавлагаа, тодорхойлолт, 436 нь олон шатлалт үйлчилгээ юм.

Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем нь 2021 оны аравдугаар сарын 1-нд шинэчлэгдсэн “e-Mongolia 2.0” хувилбарыг танилцуулж, иргэн бүрт Digital ID үүсгэж, эхний ээлжид иргэний болон жолооны үнэмлэхийг цахимжуулаад байгаа юм.

Монгол Улсын иргэн бүрт дунджаар 10-12 бичиг баримт байдгийг цахимжуулах ажлыг ирэх 2022 онд хийхээр төлөвлөж байна. Цахим баримт бичгийг цаасан баримттай адилтан үзэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн бөгөөд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар энэхүү зохицуулалтыг хийх юм.

Мөн ирэх 2022 онд гадаад амьдарч буй Монгол Улсын иргэд, Монгол Улсад амьдарч буй гадаад иргэдийг “e-Mongolia” системд бүртгэж, төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ.

“e-Mongolia” нь олон нийтэд танилцуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 2 сая орчим хэрэглэгчид давхардсан тоогоор 7,5 сая төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Үүний 56 хувь нь нийслэлчүүд бол 44 хувь нь орон нутгийн иргэд байгаа юм.

Мөн энэ хугацаанд төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах үйл ажиллагааны зардал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал гээд нийт 65.1 тэрбум төгрөгийг иргэнээс хэмнэсэн байна.

Үүний зэрэгцээ “e-Mongolia” системийг ашиглахад хүндрэл, бэрхшээл тулгамдаж буй иргэдэд зориулан иргэд олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг Төв шуудангийн 1 давхарт нээгээд даруй хагас жил болж байна.

Тус төвөөр өдөрт 100 орчим хүн үйлчлүүлж, төрийн үйлчилгээг цахимаар авч байгаагийн дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. “e-Mongolia” иргэд, олон нийтэд тусламж, заавар, зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *