Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Л.Чимэддулам: Олон жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлсэндээ баяртай байна

“Tseegina Make Up Studio”-гийн артист Л.Чимэддуламтай ярилцлаа.


-“OMC Hairworld” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Body painting” буюу биен дээр зурах урлагийн төрөлд тэргүүн байр эзлэн дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе. Баярт мэдээг сонссон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Үнэхээр төсөөлж байгаагүй мэдрэмжийг авч, баярын нулимс урсаж байсан. Энэ олон жил өөрсдийгөө тэмцээн уралдаанаар хөгжүүлэн салбартаа тууштай явж, өнөөдөр үр шимийг нь хүртэж байгаа нь дүү бид хоёрын хувьд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ баярлуулсан өдрүүд үргэлжиллээ. Дэлхийн аваргын тэмцээнд аравдугаар сард, “Global vega beauty championship 2021” тэмцээнд арваннэгдүгээр сард оролцсон. Сүүлийн хоёр, гурван сарын турш хоёр тэмцээнийхээ төлөө бүх хүч, боломж бололцоогоо ашиглан ажилласан. Энэ олон жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлсэндээ үнэхээр их баяртай байна.

-Мөн АНУ-ын Лас Вегас хотод зохиогдсон “Global vega beauty championship 2021” цахим тэмцээнд таван төрөлд алтан медалийн эзэн болсон. Ямар төрлүүдэд оролцсон бэ?

-Тухайн оролцогчийн түвшин анхан суралцагч, дээд зэрэглэл, мэргэжлийн, мастер багшийн түвшинг тодорхойлдог. Миний хувьд мастер багшийн төрөлд фантази, неон будалтын төрөлд оролцож алтан медаль хүртлээ. Л.Цэрэндулам дүү минь “Body painting”, фантази, хуримын нүүр будалт гурван төрөлд оролцон алтан медаль хүртсэн.

Монгол Улсаа төлөөлөн гурван хүн оролцсон. Хумс урлагийн Ж.Энхтуяа эгч Монголдоо хумс урлагийн салбарыг хөгжүүлж буй төлөөллүүдийн нэг.Тус тэмцээнд мэргэжлийн түвшинд 15 төрөлд оролцон 15 алтан медалийн эзэн болон Монгол Улс Гранпри цомыг хүртсэн. Монгол Улсаа төлөөлөн дэлхийд нэрээ гаргасандаа бид гурав сэтгэл хангалуун байгаа.

-Тэмцээнд бусад улс орнуудаас хэдэн оролцогч оролцсон бэ?

-Тэмцээний хариуг өнгөрөгч даваа гаригт сонссон. Дэлхийн холбооноос “OMC Hairworld” тэмцээнд оролцсон орны оролцогчдын мэдээллийг онлайнаар илгээдэг. Энэ жилийн хувьд тодорхой мэдээлэл ирээгүй учир тоо баримт хэлж мэдэхгүй байна. байна. Өмнөх жилийн байдлаар дэлхийн 50-иад улсын 2000 гаруй оролцогч оролцож байсан. “Global vega beauty championship 2021” тэмцээнд 45 улс 26 багийн 4700 гаруй оролцогч ур чадвараа сорин оролцсон.

-Тэмцээнүүд цар тахлын улмаас цахимаар зохиогдсон. Бусад орны оролцогчдоос ямар давуу талтай, ялгаатай байсан бэ?

-“OMC Hairworld” тэмцээнд манай улсаас 30 гаруй хүн оролцсон бөгөөд багаараа Европ бүсийн зооны аварга болсон. Tseegina make up studio нь 2014 оноос хойш дэлхийн, Азийн олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлагатай. Бид өөрсдөдөө үнэхээр итгэлтэй байсан.

-Тэмцээнд оролцсон энэхүү биен дээрх зургаараа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Бид бүтээлийн гол санааг олохын тулд дэлхийн тэмцээнд улсаа төлөөлөн явуулж буй учир дэлхийн өнцөг, санааг, үндэсний хэв маягтай байсан ч дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлэх вэ зэрэг олон шугам, төрлөөр санаагаа гаргах гэж бодсон. Дэлхийн холбооноос бидэнд эмэгтэй хүний гоо сайхан хэв маяг, хэлбэрийг алдагдуулж болохгүй бүтээл хийх ёстой гэсэн удирдамжийг өгдөг. Ус, гал хоёр нь үлгэр домгоос сэдэвлэсэн. Эр эм хоёр шувуу гэдэг утгаараа, галт шувуу нь эм, тогосны гоё сайхан нь эр нь байдаг учраас энэ хоёр нийлэн хоршоод дэндүү сайхан гоо үзэсгэлэнг гаргаж буйг бэлгэдсэн. Моделын биен дээр эскизээ гарган амьгүй зүйл цаас биш, хүний бие амьд организм болохоор биений аль хэсэгт ямар хэсгийг зурах, эскизээ биен дээрээ хэрхэн суулгах зэрэгт хоёр сар гаруй хугацаанд модель дээр бэлдэж, эскиз маань янз бүрээр өөрчлөгдөн эцсийн байдлаар энэ бүтээл бий болсон.

-Хүний нүүр болон биеийг будах нь юугаараа ялгаатай вэ?

-Хоёулаа нэг түвшний асуудал. Нэгдүгээрт, цаг хугацааны зөрүүтэй, хоёрдугаарт, биеийн будах хэсгийн талбайн хэмжээний хувьд ялгаатай. Нүүр будахаас эхлүүлээд Body art нь үсний үзүүрээс хөлний үзүүр хүртэл тэр чигт нь урлагийн бүтээл болтол зурах ёстой урлаг.

-Тэмцээнд хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

-Ерөнхийдөө тархин дотроо эскиз санаагаа гаргах гэж удсан. Эскизийг гаргана гэдэг л хамгийн хэцүү ажил байдаг. Эскиз, санаагаа олсон үед бэлтгэлээ хийн гараа зүгшрүүлээд эцсийн бүтээлд бүх зүйлийг бэлдэхэд арай өөр. Ерөнхийдөө хоёр сарын хугацаанд бэлдэж оролцсон.

-Та хоёр энэ мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Дүү бид хоёрын хувьд 2009 оноос хойш театр, тайз, дэлгэцийн салбарт зураачаар, нүүр хувиргалт, үс засах зэрэг хийж болох бүх зүйлсийг хамтдаа хийж ирсэн. Мэргэжлийн гоо сайхан, нүүр хувиргалт гэдэг салбарт 2013 оноос ажиллаж эхэлсэн. “Korea beauty com­petition 2018” олон улсын гоо сайханчдын тэмцээнд оролцон алтан медаль авч байсан.

-Body painting буюу биен дээр зурах урлаг манай улсад хэр хөгжсөн байдаг юм бэ?

-Монголын үсчин гоо сайханчдын мэргэжлийн холбооноос зохион байгуулдаг улсын, нийслэлийн, бүсийн аварга зэрэг олон тэмцээн байдаг. Tseegina make up studio” Монголд хамгийн анх удаа мэргэжлийн make up, body art-ын шоуг 2015 онд зохион байгуулж байсан. Өмнө нь хуримын будалт зэрэг make up төрлүүдэд оролцдог байсан бол энэ жил хамгийн анхны Body painting төрөлд оролцон дэлхийн аварга боллоо.

-Тэгвэл энэ урлаг хөгжилтэй гадны орнуудад хэрхэн хөгжсөн байдаг вэ?

-Энэ бол яалт ч үгүй урлагийн төрөл зүйл. Бүх зүйл нэг цогц болж байж урлагийн бүтээл төрдөг. Үйлчилгээний салбар биш, урлаг гэдэг зүйлийг хүмүүст ойлгуулж өгөх зорилготой. Манай гэр бүл урлагийн гэр бүл. 1999 оноос эхлэн ээж аавыгаа даган театр, кино урлагаар хүмүүжиж өссөн. 2009 оноос хойш тасралтгүй кино дэлгэцийн, тайзны бүтээлд ажилласан байна. Гоо сайхны салбар болон урлаг соёлын салбарыг хооронд нь холбон хөгжүүлэлцэн явж буйдаа баяртай байгаа.

Үсчин, гоо сайхны мэргэжлээрээ ажиллахаас гадна тайзны зураач, киноны дүр хувиргалт, үс засалт зэрэг аль аль салбараа орхигдуулахгүйгээр хослуулан ажилладаг.

-Нэг чиглэлээр биш хослуулж ажиллахын хамгийн хэцүү нь юу байдаг вэ?

-Ер нь бол маш сонирхолтой, уйдах завгүй амьдардаг. Өдөр бүрийн амьдрал сонирхолтой, хөгжилтэй өрнөдөг. Өөрсдийн хийж буй ажлууддаа дурлан, хайрладаг болохоор өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналыг авсан гэж бодож байна. Энэ бүтээлийн ард асар олон хүмүүсийн хүч хөдөлмөр бий.

-Make up artist байхад юу хамгийн чухал байдаг вэ?

-Энэхүү урлагийг сэтгэл зүйч гэж боддог. Дандаа эмэгтэйчүүд үйлчлүүлдэг. Бусад мэргэжлийг бодоход хүнтэй ярилцах түвшнээс хамгийн ойртож болох түвшинд харилцааг үүсгэдэг. Тухайн хүн юуг хүсч, юуг мэдэрч байгаа, ямар стиль загвартай, надаас юу хүсч байгаа даруухан байх ёстой юу, тод байх ёстой юу, энэ хүн ямар онцлогтой зэргийг харгалзан ганцхан тэр хүнд зориулж будалтаа хийдэг. Учир нь бүх хүмүүсийн ясны бүтэц, зан араншин зэрэг зүйлээс хамааран хүмүүсийн онцлогийг стиль имидж зэрэг зүйлийг будалтаар илэрхийлэхийг хүсдэг.

-Та ирэх жилд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ жил манай гэр бүл болон найз нөхөд, хамт олны хувьд ололт амжилтаар дүүрэн жил байлаа. Дүү минь тайз, дэлгэцийн зураачаар соёл урлагийн салбарт 11 жил тууштай хөдөлмөрлөсний эцэст соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг хүртлээ. Түрүүн хэлсэнчлэн тайз, дэлгэц, кино урлаг, гоо сайхны урлагийг нэгтгэн гэр бүлээрээ хамт ажилладагтаа маш их баяртай байдаг. Улиран одож буй он 2022 оны эхэн жилийн бүх амжилтын үндэс болсон байх. Үүнээс илүү цаашид хичээн ажиллах болно.

Ц.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *