Categories
мэдээ цаг-үе

“Давхар дээл”-ийн асуудлыг хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан болно

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нараас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл гишүүдын гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд уг асуудлыг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болно.

Гишүүд “Улсын Их Хурлаас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “… Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчиж байна” гэж гомдол гаргасан юм.

Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Энхболд гишүүн оролцох юм байна. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УИХ-ын баталсан хуулиа хамгаалж, Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг нотолж хуралдаанд оролцдог билээ.

Хэрвээ Үндсэн хуулийн цэц “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн нь Үндсэн хуулийн зөрчсөн гэх дүгнэлтийг гаргавал УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэнэ.

Үндсэн хуулийн дээрх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэцийн дунд суудлын хуралдаанаас шийдвэр гаргаад УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авбал өнөөгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох нөхцөл бүрдэнэ. Учир нь, УИХ цэцийн шийдвэрийг хүлээн авсан цагаас эхлэн уг шийдвэр хэрэгжих эрх зүйн зохицуулалттай билээ. Харин УИХ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээх аваагүй тохиолдолд Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хянан хэлэлцээд УИХ-ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана. Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *