Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бид өдөр нь дүүгээ харж, аав ээждээ туслаад, орой нь утасны тоглоомоо тоглочихоод л унтчихдаг гэв

Өнгөрсөн даваа гаригаас сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлсэн билээ. Бид сурагчид амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар сурвалжлахаар 12:30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо.

Өчигдрөөс хүйтний эрч чангарч өдөртөө -18 градусын хэмтэй, гадаа жиндүүхэн байв. Биднийг очих үед хүн цөөхөн, энд тэнд ахимаг насны эмэгтэй сандал дээр сууж, зарим нь талбай тойроод алхаж байгаа харагдана. Хамгийн олон хүн цугласан хэсэг бол “Цасхан” чаргаар гулгах талбай байлаа.

Талбайд 3-4 том хүн хууч хөөрч, арваад хүүхэд шуугин газрын уруу чаргаар гулган, газрын өөд чаргаа чирэн өгсөж байв. Арай бага настнууд нь зузаан хувцас, чирсэн чаргандаа түүртэн унах ч түүнийгээ тоож байгаа янз алга. Талбайд хүүхдээ гулгуулахаар очсон ээж С.Жаргалмаа “Өнөөдөр гадаа хүйтэн болохоор хүн цөөн байна. Би хоёр хүүтэйгээ долоо хоногт хоёроос гурван удаа ирж гулгадаг. Хүүхдүүд амраад гэрт дэлгэц ширтэж байснаас хамаагүй дээр. Энд хичээлийн стрессээ тайлж, найзуудтай болох гээд агаарт сайхан байдаг. Саяхныг хүртэл цаг агаар дулаахан байсан болохоор энд олон удаа ирсэн шүү” гэв. Гулгахаар ирсэн сурагч Б.Тэлмүүн “Би тавдугаар ангид сурдаг. Манай аав, ээж өдөр 15 цагт ажилдаа явдаг. Би аав, ээжийгээ ажилдаа явсны дараа гэрээс гарах зав байхгүй. Хоёр дүүгээ харж, хоолоо хийнэ, мөн гэрийн даалгавраа хийдэг. Өнөөдөр аав, ээжийг гэрт байх хугацаанд хоёр найзтайгаа хамт ирсэн юм. Дахиад хэдхэн удаа гулгачихаад гэр рүүгээ явна” гэж яаруухан хэлчихээд найзууд руугаа гүйчихэв.

Ингээд бид орон сууцны гадаах тоглоомын талбайнууд руу очиход ихэнх нь хүнгүй харагдана лээ. Баянзүрх дүүргийн ногоон төгөл хотхоны тоглоомын талбайд 13:40 цагийн үед жижиг гулсуур дээр бага ангийн хоёр гурван охин гулсаж, хэдэн хүү гялайж хөлдсөн мөсөн дээгүүр юуг ч анзаарах сөхөөгүй хөөцөлдөж гүйлдэнэ. Гулсуурын хойд талын модон сандал дээр сууж буй эгч нь үү, ээж нь үү гэмээр эмэгтэй утсаа шагайнгаа “Хүүе, халтирч унав” гэж чангаар хэлэх нь тод сонсогдоно. Тэднээс амралтынхаа хугацааг юу хийж өнгөрүүлж байгаа тухай тодруулбал хоёрдугаар ангийн жаахан шар хүү “Аав, ээж ажилдаа яваад би гэртээ ганцаараа хүүхэлдэйн кино үзэж, дота тоглодог. Амралтын өдрөөр хөлбөмбөгийн дугуйланд явдаг. Хааяа энэ талбай дээр найзуудтайгаа тоглодог юм” хэмээн хээв нэг хариулчихаад гүйж одов.

Дөрөвдүгээр ангийн охин “Би гэртээ шинэ жилээ тэмдэглэчихээд Булган аймаг руу ахынх руугаа явж амарна. Амралтын даалгавар бага өгсөн. Тиймээс тоглох зав их гарч байна” гэв.

Ингээд бидний сурвалжлах баг Хан-Уул дүүргийн И-Мартын гурван давхарт байрлах “Playtime 1250” хүүхдийн тоглоомын төвийг зорилоо. Тоглоомын төвийн бүртгэлийн хэсэгт арваад хүн дарааллан зогсоно. Бүртгэлийн хэсгийн үүдэнд хүүхдээ хүлээж гадуур хувцсыг нь барьсан эцэг, эх сууж байв. Хүүхдүүдийн шуугилдах, инээлдэх чимээ сонстож буйг нь анзаарахад тоглоомын талбай дотор нэлээд олон хүүхэд буй бололтой. Тус тоглоомын төв нэг удаа 250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч цар тахлын үед 88 хүүхдийг нэг дор хүлээж авч байгаа аж. “Өдөрт дунджаар 70-80 хүүхэд ирдэг байсан бол сурагчдын амралт эхэлснээс хойш өдөрт 120-150 хүүхэд ирж тоглож байна. Амралтын өдрүүдэд ачаалал нэмэгддэг. Эцэг, эхчүүдийн вакцины хоёр тунг шалгаад, хоёр цаг тутамд ариутгалаа хийж 4-11 насны хүүхдүүдийг өдөр бүр 10-21 цагийн хооронд хүлээж авч байна. Бид цар тахлын улмаас жил гаруй хаагдсан болохоор шинэ жилийн урамшуулал зарлах боломжгүй. Төрсөн өдрийн эзэн 50 хувийн хөнгөлөлттэй, ажлын өдөр тавуулаа ирвэл зургаа дахь хүүхэд үнэгүй гэсэн хоёр л урамшуулал байгаа. Нэг хүүхэд хоёр цагийн 26 мянган төгрөгийн үнэтэй” гэж тоглоомын төвийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Элбэгбаяр хэллээ.

Бид тоглоомын талбайгаас гарч Монголын хүүхдийн ордонг зорьсон юм. Ордонд сурагчдын амралтаар морин хуур, хуучир, төгөлдөр хуур, хийл, лимбэ, бишгүүр, шанз-төгөлдөр хуур, ятга-төгөлдөр хуур, ёочин-төгөлдөр хуур, хөөмийн гэх мэт сургалтууд хичээллэж байгаа аж. Ордон дотор бүжгийн хувцастай, гоёл чимэглэлээр гангарсан хүүхдүүд хажуугаар зөрнө. Тэд хичээл нь амарчихсан учраас дугуйландаа их цаг зарцуулж байгаадаа таатай байгаа талаар хэлж байлаа.

Харин Сүхбаатар дүүргийн аравдугаар ангийн сурагч “Манай аав, ээж хоёр Нарантуул зах дээр худалдаа эрхэлдэг. Би хичээл амарснаас хойш цөөн удаа гадаа гарсан. Гэртээ гурван дүүгээ харж, утасны тоглоом тоглож, телевиз үзэж өдрийг өнгөрөөж байна. Орой аав, ээжийг ирэхээр найзуудтайгаа PubG тоглодог. Ихэнхдээ шөнийн 1,2 цаг гэж унтдаг. Хааяа үүрээр 4,5 цаг хүртэл тоглодог. Өглөө болтол тоглочихоор маргааш нь нойр хүрээд манараад байдаг. Манай найзууд ч гэсэн өдөр нь дүүгээ хараад, эсвэл аав ээждээ туслаад орой утасны тоглоомоо тоглочихоод л унтчихдаг” гэсэн юм.

Бид мөн орон нутгийн малчдын сурагч хүүхдүүд өвлийн амралтаа хэрхэн өнгөрүүлж байгаа талаар ч мэдэхийг зорилоо.

Ингээд Өмнөговь аймгийн малчин Б.Амгалан “Манайх сургуулийн насны хоёр хүүтэй. Хүүхдүүд амралтаараа хөлдүүшээ түүж, өвлийн идэш бэлтгэхэд тусалж, тэмээний уралдаанд явж, шаардлагатай үед гэр интернэтээр багштайгаа холбогдож, даалгавраа явуулж л өнгөрөөж байна. Малчин бидний хувьд сурагчдын амралт гэдэг халуун ам бүлээрээ байдаг цөөн үеийн нэг шүү дээ. Хүүхдүүд хичээлтэй үед сумын төв рүү айлд сууна. Аав, ээжийгээ санана. Баасан гаригийн орой очиж хүүхдүүдээ аваад бүтэн сайн өдөр буцааж хүргэж өгдөг. Амьдрал нэг иймэрхүү л үргэлжилдэг” гэв.

Ингээд Нийслэлийн БЗД-ийн 111 дүгээр сургуулийн 3а ангийн багш С.Мөнхзулаас сурагчдын амралтын талаар тодрууллаа.

-Танай ангийн сурагчид амралтаа хаана өнгөрүүлж байна вэ?

-Ангийн эцэг, эхчүүдийн дунд бөглүүлсэн судалгаанаас 86.8 хувь нь хотод, 13.2 хувь нь орон нутагт гэсэн дүн гарсан. Дийлэнх хүүхдүүд маань хотод амарч байна.

-Хүүхдүүд амралтаараа яг юунд хамгийн их цаг зарцуулж байна вэ?

-Энэ тал дээр 71 хувь нь даалгавраа хийж, хичээлээ давтаж, 14 хувь нь утас, компьютер үзэж, 2.6 хувь нь гадаа тоглож, 5.3 хувь нь дугуйлан, сургалтад хамрагдаж, 2.6 хувь нь шигтгээ наамал хийж, гэр бүлийнхэндээ туслан өнгөрүүлж байна гэж хариулсан.

-Танай ангийн сурагчид ихэнх цагийг ямар хүмүүстэй өнгөрүүлж байгаа бол. Өдөр бүр хүүхдүүдтэйгээ байдаг аав, ээж олон байхгүй болов уу?

-Үүнд 50 хувь нь гэр бүлийн том хүнтэй, 24 хувь нь гэртээ ганцаар, үлдсэн 26 хувь нь бусад асран хамгаалагчид буюу өвөө эмээ, ах эгч гэх мэт хүмүүстэйгээ хамт байдаг.

-Амралтын даалгавар өгсөн үү?

-Шинэ он гартал өгөөгүй. Амралтын хугацаанд хүүхдүүдийг нөүтбүүк, таблет, утастай ойр байх ямар ч даалгавар өгөөгүй. Нэгдүгээр сараас үзсэн хичээлээ мартахгүй байх талаас монгол хэл, математикийн даалгаврыг хэвлэж өгсөн гэсэн юм.


А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *