Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд дэлхийн 140 гаруй оронд крисмас буюу бурхны элч хэмээгч Христийн мэндэлсэн өдрийн баярыг албан ёсоор тэмдэглэдэг. Энэ нь манай гаригийн хамгийн олон хүнийг хамардаг, идээ будаа, бэлэг сэлтээр бялхсан, хөгжөөн цэнгүүнээр дүүрэн, хэн хүнгүй нэг нэгэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсдэг хамгийн сайхан, сүр дуулиантай, гоёмсог баяр болжээ.
Крисмас нь Английн Christmas гэсэн үгнээс гаралтай. Энэ нь угтаа Христийг хүндэтгэх ёслол гэсэн утгатай товчлол юм. Христийн төрсөн өдрийг тэмдэглэх янз бүрийн, нэн ялангуяа Европын улс үндэстний хоорондоо ялгаатай өвөрмөц зан заншил хадгалагдан үлдсэн ч энэ баяр нийтлэг хоёр бэлгэдэлтэй. Эхнийх нь элбэг дэлбэг, энх тунх амьдралыг бэлгэдэн чимдэг мөнх ногоон гацуур мод. Нөгөө нь цаа буга хөлөглөсөн чаргатай тэргээрээ хүүхдүүдэд хүссэн бэлгийг нь хүргэж өгдөг Санта Клаус өвгөн юм.
Анх крисмасын баяраар гацуурыг Германд христийн шашныг шинэчлэгч Мартин Лютерийн үед чимэглэх болсон гэж үздэг байна. Энэ нь герман овгууд эрт дээр үеэс шинэ жилийн босгон дээр гацуур модыг гэртээ авчраад тахиж мөргөн сайн сайхныг авчрахыг хүсдэг байсантай холбоотой гэнэ. Гацуурын оройд Христийг мэндлэхэд тэнгэрт гэнэт гэрэлтсэн Бетлехемийн од гээчийг зүүж, мөчрүүдэд нь зул тогтоон асаадаг уламжлал ч тэр үеэс улбаатай аж. Улмаар христийн шашинтай Европ даяар крисмасын энэ бэлгэдэл аажмаар түгэн дэлгэрчээ.
Хачирхалтай нь, хамгийн үнэтэй крисмасын гацуурыг лалын шашинтай Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 2010 онд босгосон аж. Тэрхүү гацуурын чимэглэл нь 11.5 сая ам.долларын өртөгтэй байжээ. Харин хамгийн өндөр, 110 метр буюу 40 давхар барилгатай дүйцэхүйц крисмасын гацуурыг цас ер ордоггүй Мексикийн нийслэлд 2009 онд босгосон нь мөн л Гиннессийн номд бүртгэгдсэн аж.
Санта Клаус өвгөний хувьд тэрээр IV зуунд амьдарч байсан христийн шашныг номлогч Гэгээн Никлаус гэдэг бодит хүн байжээ. Чинээлэг айлын ганц хүү түүнийг бага байхад эцэг, эх нь тахлаар өөд болоход христийн сүмийн лам нар түүнийг өсгөжээ. Тэрээр өвлөж авсан бүх баялгаа зовж зүдэрсэн хүмүүст харамгүй тарааж, хожим хамба лам болон Гэгээн Никлаус гэж хүндлэгдсэн аж. Түүнийг өөд болоход католик сүмийнхэн Христийг мэндэлсний өдөр дурсгалыг нь хүндэтгэх болж, энэ нь өдгөө ийнхүү Санта Клаус хэмээгдэх болжээ. Харин Санта Клаусыг анх улаан хувцастайгаар “Кока Кола” компани 1930-аад онд ил захидал, сэтгүүлүүд дээрх сурталчилгаандаа дүрсэлсэн нь дэлхий нийтээр түгэн дэлгэрсэн түүхтэй.
Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл, крисмасыг христийн шашинтнууд бүгд нэг өдөр тэмдэглэдэггүй. Католик, протестант урсгалынхан арванхоёрдугаар сарын 25-нд, харин ортодокс урсгал түгсэн Орос, Грек, Серб зэрэг зүүн Европын зарим оронд үүнээс олон хоногоор хожуу, нэгдүгээр сарын 7-нд тэмдэглэдэг юм. Энэ нь ортодокс урсгалынхан өнөөг хүртэл хуучны Юлийн цагалбарыг баримталдагтай холбоотой.
Эртний Ромын эзэн хаан Юлий Цезарийн зарлигаар МЭӨ 45 оноос мөрдөх болсон грек одон орончдын зохиосон тэрхүү цагалбарт өндөр жилүүдийг буруу тооцсоны улмаас аажимдаа зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр, арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн урт шөнө таарахаа больж эхэлжээ. Иймээс ч 1582 онд Ромын хамба лам XIII Грегорийн зарлиг гарч, баруун Европ орчин үед дэлхий нийтээр хэрэглэж буй Грегорийн цагалбарт шилжжээ. Харин зүүн Европын ортодокс урсгалын санваартнууд энэ шийдийг дагалгүй Юлийн цагалбарыг баримталсаар өнөөг хүрсэн аж.
Уг нь Христийг Иосеф, Мариа хоёрын хүү болж жилийн хамгийн урт шөнө тохиоход мэндэлсэн гэж үздэг. Тэр нь Юлийн цагалбараар арванхоёрдугаар сарын 25 байсан ч одон орончдын алдаанаас үүдэн одоогийн бидний мөрддөг Грегорийн
цагалбараар 22-нд тохиох болжээ. Гэвч нэгэнт Есүс Христ арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн гэж анхны христийн шашинтнуудын ариун ном судруудад тэмдэглэгдэн үлдсэн тул цагалбарыг өөрчилсний дараа ч мөн өдөр тэмдэглэх нь зүйтэй гэж дундад зууны санваартнууд үзсэн аж. Иймээс ч Христийн мэндэлсэн өдөр буюу крисмасын баярыг хамгийн урт шөнөтэй арванхоёрдугаар сарын 22 бус, үүнээс даруй гурав хоногийн дараа тэмдэглэсээр өнөөг хүрчээ.
Тэгэхээр, цагалбарын маапаанаас болж христийн шашинтнууд шүтээнийхээ төрсөн өдрийг буруу өдөр тэмдэглэхэд хүрсэн ч гэж хэлж болохоор.
Угтаа бол тус шашны эртний судруудад бичсэнээр, Израилийн Бетлехем хотын зочид буудлуудад нэг ч сул ор байгаагүй тул Иосеф, Мариа хоёр жилд тохиох хамгийн урт шөнөөр аргагүйн эрхэнд хотоос холгүй орших агуйд хоног төөрүүлэхэд хүрчээ. Эхнэр нь дуншиж эхлэхэд сандарсан Иосеф эх баригч дуудахаар явсан аж. Эх баригч дагуулан агуйд эргэж ирэхэд нүд гялбам гэрэл цацарч, тэр дундаас хүү гарч ирэн эхийнхээ сүүг хөхөж эхэлжээ.
Бурхны элч мэндэлснийг сахиусан тэнгэр тэр хавьд явж байсан малчдад дуулгахад, тэд хамгийн түрүүнд мөргөхөөр ирсэн гэдэг. Мөн дорно зүгээс аян замд гарсан мэргэд Бетлехемийн тэр агуйн дээр тодрон ассан одоор баримжаалан хүрэлцэн ирээд ертөнцийн хаан гэж ихэд хүндлэн алт, мөнгө, үнэт зүйл өргөн барьсан гэжээ.
Харин Буддын шашинтай Монгол ЗХУ-аар дамжин өрнөдийн соёлтой танилцахдаа, Христийн мэндэлсэн өдрийг зул сарын баяр гэж нэрлэжээ. Энэ нь шарын шашныг үндэслэгч Богд Зонховын дүйцэн өдөр буюу зулын 25-тай зүйрлэн хэлсэн гэлтэй. Угаасаа крисмас аргын тооллын арванхоёрдугаар сарын 25-нд болдог бол Богд Зонховын дүйцэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 25-нд болдог шүү дээ. Аль аль өдөр нь зул өргөдгөөрөө ижилхэн гэж мөн үзсэн биз ээ.
Д.Цэрэндолгор