Categories
гадаад мэдээ нийгэм

ДЭМБ “Novavax”-ын вакциныг яаралтай журмаар хэрэглэх вакцинуудын жагсаалтад нэмжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ АНУ-ын “Novavax” эмийн компанид гарган авсан “COVID-19”-ийн вакциныг яаралтай журмаар хэрэглэх вакцинуудын жагсаалтдаа нэмж оруулжээ.

ДЭМБ “Covovax” вакцины аюулгүй байдал, үр дүнг хянан нягталсны дүнд ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд уг вакциныг Энэтхэгийн “Serum” хүрээлэн холбогдох зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэж байгаа юм. Энэхүү вакциныг ердийн хөргөгчийн хэмд хадгалах боломжтой тул хөгжиж буй орнуудын хүн амыг вакцинжуулахад тохиромжтой хэмээн үзэж байна. ДЭМБ мөн “Novavax”-ын гарган авсан өөр “COVID-19”-ийн вакциныг одоогоор үнэлж байгаагаа мэдээлжээ.

“Covovax” вакциныг “COVID-19”-ийн вакциныг гарган авах, тэгш хуваарилах зорилго бүхий ДЭМБ-ын тэргүүлсэн “COVAX” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гарган авсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд энэ жил хоёр тэрбум тун вакцин түгээхээр төлөвлөж байсан боловч чинээлэг орнууд хандиваа зогсоогоод байгаатай холбоотойгоор одоогоор ойролцоогоор 700 сая орчим тунг л нийлүүлээд байна.

ДЭМБ өмнө нь “Pfizer-BioNTech”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson & Johnson”, Хятадын хоёр эмийн компани, Энэтхэгийн фирмийн “COVID-19”-ийн вакциныг яаралтай журмаар хэрэглэх вакцинуудын жагсаалтдаа оруулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *