Categories
мэдээ нийгэм

П.Батбаатар: Орхонтуул сумын ЕБС-ийн сурагчид сумдаас анх удаа Япон улсын Янагигаура ахлах сургуульд суралцах боломжтой боллоо

Сэлэнгэ аймгийн Орхонтууул сумын Засаг Дарга П.Батбаатартай ярилцлаа.


Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу. Танай нутгаар өвөлжөө тарган байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Энэ жилийн хувьд өнөтэй сайхан өвөл болж байна.Өвөлийн эхэн

болон дунд сарууд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дулаахан сайханбайна. Өнгөрөгч зун хур бороо элбэг, намар дулаахан байсан учраас өвлийн сарууд цаг агаарын хувьд тааламжтай байна. Цаашид ч дулаахан, цас багатай байх цаг агаарын урьдчилсан мэдээ бий.

Орхонтуул сум хичнээн мянган иргэнтэй вэ. Тэр дундаа мал аж ахуй эрхэлдэг өрх хэд байна?

-Манай сум 1100 орчим өрхтэй, 4000 орчим хүн амтай. Сумын төв болон тосгоноос бүрддэгээрээ онцлогтой. Аймгийн хэмжээнд хамгийн олон малтай сум, жилийн дөрвөн улирлын турш мал малладаг 487 орчим өрх, мал бүхий иргэдтэйгээ нийлбэл 700 орчим өрхтэй. Манай сум газар тариалан болон мал аж ахуй хосолсон сум.

Сүүлийн үед боловсролын тэгш хүртээмжийн талаар нэлээд ярьж байна. Танай суманд хичнээн хүүхэд суралцдаг вэ. Чанартай боловсрол эзэмшүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?

Сум, аймаг, улсын хөгжил гэдэг тухайн улс, үндэстний ирээдүй болсон хүүхэд багачуудын суурь боловсрол, хүмүүжил,эх орноо хайрлах суурь хүмүүжлийг хэр чанартай, хүртээмжтэй олгосноор хэмжигддэг гэж би боддог. Монгол Улсын Засгийн газраас ч боловсролын тэгш хүртээмж, чанарын асуудалд сүүлийн жилүүдэд дорвитой анхаарч ажиллаж байна. Тийм ч учраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа – 2050” бодлогын баримт бичигт хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх чухал зорилтыг дэвшүүлсэн. Манай төр, Засгийн бодлогод шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйлс болгон хэвшүүлэх, боловсролын үйлчилгээг өсвөрийн, залуу үеийнхэнд адил хүртээмжтэй хүргэх талаар онцгойлон тодорхойлсон байдаг. Хэдийгээр манай сум нийслэл Улаанбаатар хотоос бага зэрэг алслагдсан боловч боловсрол эзэмших тэгш байдал нь адил гараанаас эхэлж нийтлэг стандарт, агуулгын дагуу боловсрол эзэмших болон хүүхэд бүрд өөрийн авьяас чадвар, хүсэл зорилгоо биелүүлэх боломж олгодог боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр сумын удирдлагууд болон, сургуулийн захирлууд анхаарч ажиллаж байна. Манай сумын Ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуульд нийтдээ 630 орчим хүүхэд одоогоор суралцаж байна. Миний бие Япон улсын Ойта аймгийн Үса ши хотын Ёшимочи Гакуэн Янагигаура ахлах сургуультай хамтарч сумдынхаа хэмжээнд анх удаа сурагч солилцоо хөтөлбөрийг эхлүүлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Орхонтуул сумынхаа нэгдүгээр 12 жилийн хүүхдүүдийг сурагч солилцоо хөтөлбөрт хамруулах бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр сумынхаа хоёр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулах боломж бүрдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашлаад сурагч солилцоо хөтөлбөр “Оюутан солилцоо”, “Багш солилцоо”, “Нийгмийн ажилтан солилцоо” хөтөлбөрийн хүрээнд өргөжиж,хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан.

Сурагч солилцоо хөтөлбөрт хэдээс хэддүгээр ангийн хүүхдүүд, хэдэн жилийн хугацаанд хамрагдах боломжтой вэ?

– Сурагч солилцоо хөтөлбөрт ахлах ангийн хүүхдүүд хамрагдах боломжтой. Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд гурван жилийн хугацаанд Япон улсын ахлах сургуульд суралцах боломжтой. Сурагч солилцоо хөтөлбөрийн хугацаа дуусмагц эх орондоо эргэн ирж их, дээд сургуульд элсэн суралцах боломжтойгоос гадна, японд сурч байх хугацаандаа Япон хэлийг сайн эзэмших юм бол үргэлжлүүлэн тус улсын их, дээд сургуульд сурч, мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой нь манай хөтөлбөрийн бас нэг давуу тал. Хүүхдүүд суралцах хугацаандаа урлаг,сурлага, спортдоо сайн байх юм бол тодорхой хэмжээний тэтгэлэг авах боломжтой. Ингэснээр ирээдүйн Монгол Улсын боловсролтой, мэдлэгтэй боловсон хүчнүүд Япон улсад бэлтгэгдэн ирэх боломжтой боллоо.

Орхонтуул сумын ахлан ангийн сурагчдад болоод Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг багш, нийгмийн ажилчдад маш том боломж нээгдэж байгаа юм байна шүү дээ?

Манай сумын ахлах сургуулийн сурагчид, ЕБС-ийн багш нар, нийгмийн ажилтнуудад анх удаагаа Япон улсын ахлах сургуулийн хамт олны мэдлэг, туршлага, заах арга барил, суралцах арга барил, хэл соёлоос нь суралцах боломж олдож байгаад маш их талархаж байна. Монгол Улсын 330 сумаас анх удаа Япон улсын ахлах сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн сум болсон. “Япон лугаа хөгжье” хэмээх хэлэлцүүлэх төрийн ордонд зохион байгуулагдсан. Энэ үеэр бидэнд үлгэр дуурайл болж буй Япон Улсын боловсролын тогтолцоо, боловсролын реформ, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт, хүүхэд багачуудад ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролыг хэрхэн олгодог талаарх туршлагатай танилцахын чухлыг онцолсон. Гэтэл манай сумын хүүхдүүд, оюутан залуус, багш нар, нийгмийн ажилтнууд Япон улсын туршлага, мэдлэгийн талаар хэн нэгнээс сонсох биш өөрсдийн биеэр очиж туршлага мэдлэг солилцож, санаа авч, хэрэгжүүлэх боломжтой болж байгаа нь бидний яриад байгаа боловсролын шинэчлэлд чухал ахиц өөрчлөлт гарах эхлэл болно гэдэгт итгэж байна. Үнэндээ хөдөө орон нутаг, тэр дундаа суманд ажиллах багш нар дутагдалтай байна. Тэр тусмаа дуу хөгжим, дүрслэх урлагийн мэргэжлийн багш Монгол Улсын 330 сумын хэмжээнд дутагдалтай байгаа. Цаашид манай сумынхан ЕБС-ийн сурагч болоод багш нар Японы өндөр хөгжилтэй хотын ахлах сургуультай “Оюутан солилцоо, Багш солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлснээр манай сумын сургуульд ажиллах сонирхолтой боловсон хүчний тоо дагаад нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Үүнийг дагаад Орхонтуул сумын ЕБС-ийн сургалтын чанар, багш нарын амжилт, мэдлэг ур чадвар тэр хэмжээгээр өсөн нэмэгдэнэ.

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд ямар шалгуур тавих вэ. Замын зардлаас авахуулаад тодорхой хэмжээний зардал гарах вэ. Төлбөрийн тухайд хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд шалгуур үзүүлэлтийн тухайд мэдээж сурлагын голч дүн, суурь хүмүүжил, нийгмийн идэвх, манлайлал,урлаг спорт мөн япон хэлний зохих мэдлэг гэх мэт олон шалгуур үзүүлэлт тавигдна. Таны хэлж байгаачлан Япон улсад сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээс тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа. Гэсэн хэдий ч бид аль болох уян хатан байдлаар, харилцан 50,50 хувиар төлбөр төлөх байдлаар ярилцсан.

Та бүхэн хамтын ажиллагааныхаа цаашдын цар хүрээг хэрхэн дүгнэж байна вэ?

-Япон улсын Янагигаура ахлах сургуулийн хамт олон Орхонтуул сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилийн сургуульд бөхийн дэвжээ бэлэглэхээ хамтын ажиллагаанд гарын үсэг зурах үеэр илэрхийлсэнд талархаж байгаагаа ярилцлагынхаа үеэр илэрхийлэхийг хүсч байна. Цаашид бид бүх талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж, ойлголцлын түвшинд хүрсэн. Цар тахлын нөхцөл байдал намжиж гадаадын улс орнууд хилээ нээж нислэг хэвийн үйлдэгдээд эхэлбэл Япон улсын Ойта аймгийн Үса ши хоттой Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаа ах дүү хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа. Манай сум эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг учраас орон нутагтаа үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг Япон улсын Үса хотод экспортод гаргах цаашлаад, тус улсын газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлагаас газар дээр нь очиж танилцах, эх орондоо нутагшуулах, харилцан туршлага солилцох зэрэг олон боломж бидний өмнө нээгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *