Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөл хуралдаж, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцжээ.
Одоо мөрдөгдөж байгаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага зэрэг баримт бичгүүдийн хугацаа дуусаж байгаа учир “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Улаанбаатар хот 1499200 хүн амтай. Энэ тоо 2040 он гэхэд 2089000 болох бөгөөд одоо байгаа 1125 км хотын авто замын сүлжээ 3107 км болж тэлэх тооцооллоор холбогдох төлөвлөлтүүд хийгдсэн аж. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хувьд боловсруулах үйлдвэр, тээвэр ложистик, мэдээлэл технологи, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн салбарууд багтжээ. Тус төлөвлөгөөний танилцуулгын дараа зөвлөлийн гишүүд 2020 оны ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гэр хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц тэр дундаа эрчим хүч, үерийн усны далан хамгаалалтын төлөвлөгөө тооцооллыг тодруулжээ. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй гэсэн дүн гарсныг албаныхан танилцуулсан юм. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө юунаас, ямар шалтгаануудаас болж хэрэгжилт нь хангалтгүй байгааг, алдаа хаанаа байсан бэ гэдгийг тодруулж, улмаар өмнөх алдааныхаа шалтгаан, үр дагаварыг нарийн гаргасны үндсэн дээр дараагийн “2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улам бүр нарийвчлан боловсруулж, бодит тооцооллуудыг тусгах, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүд батлагдаагүй байхад газар олголт нь түрүүлж яваад бурууддаг алдааг давтахгүй байх чиглэл өгч, төлөвлөгөөг сайжруулан дахин оруулж ирэхийг үүрэгджээ.