Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энхийг сахиулагч эмэгтэйчүүд ирэх онд Монголд чуулна

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй олон улсын эмэгтэй алба хаагчдын олон улсын хурлыг Улаанбаатар хотноо ирэх онд зохион байгуулна. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд цахимаар оролцож үг хэлэхдээ мэдэгдлээ.

БНСУ НҮБ-тай хамтран зохион байгуулсан дээрх хуралдааны 2 дахь өдөр буюу өчигдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлэхдээ, “Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-ын зорилго, үйл ажиллагааг хүндэтгэн дэмжиж, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улс цэргийн алба хаагчдынхаа бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай байгаа Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, явуулын мэс заслын хүчин чадавхитай Цэргийн хээрийн II шатны эмнэлгийг тус тус шинээр оролцуулахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна.

Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээрх НҮБ-ын уриалгыг дэмжиж энхийг сахиулах ажиллагаанд шинээр оруулах цэргийн багуудыг тодорхой хэмжээний сэргээгдэх эрчим хүчний хүчин чадавхтайгаар үүрэг гүйцэтгэхэд онцгой анхаарал хандуулж байгаа”-гаа дуулгав.

Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгааг дурдсан юм. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоо, тэдний туршлага сургамжийн талаар олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2022 онд зохион байгуулж ажиллахаа онцоллоо. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ-ын дүрэм, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан мандаттай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэхийн тулд идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралдааныг 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид оролцдог байна.

Энэ удаагийн хуралдааныг Ази тивд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцож, энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй сорилтууд, цаашдын бодлого тодорхойлох талаар хэлэлцэж байна. Хуралдаанд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррис нар цахим мэндчилгээ дэвшүүлж, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Гадаад хэргийн сайд нар нээж үг хэлсэн талаар БХЯ-наас мэдээллээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *