Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам Бээжингийн өвлийн Олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэх АНУ-ын шийдвэрийг улс төрийн арга заль, Олимпийн үзэл санааг гажуудуулсан үйлдэл гэж мэдэгджээ. БНХАУ дахь хүний эрхийн нөхцөл байдлыг харгалзан Бээжингийн өвлийн Олимпийн наадамд албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэж Цагаан ордон даваа гаригт мэдэгдсэн бөгөөд дипломат аргаар эсэргүүцэх Вашингтоны энэхүү шийдвэр нь Америкийн баг тамирчдад хамаарахгүй гэсэн билээ.
“АНУ-ын улстөрчдөд ямар ч урилга илгээгээгүй тул энэхүү “дипломат бойкот” нь зүгээр л дүр эсгэсэн үйлдэл бөгөөд ердөө л улс төрийн арга заль, Олимпийн Хартийн үзэл санааг ноцтойгоор гажуудуулсан үйлдэл юм” гэж Хятадын ЭСЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. “Үнэндээ эдгээр хүмүүс ирэх үү, үгүй юү гэдэгт хэн ч санаа зовохгүй байгаа бөгөөд энэ нь 2022 оны өвлийн Олимпийн наадмыг Бээжинд амжилттай зохион байгуулахад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй” гэж ЭСЯ-ны төлөөлөгч цохон тэмдэглэсэн байна.
Хятадын эрх баригчид Шинжаан дахь уйгаруудын эрхийг зөрчдөг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэх мэдээлэл удаа дараа гарч, үүнтэй холбоотойгоор ЕХ, АНУ, Канад болон Их Британи тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. БНХАУ-ын Уйгаруудын эсрэг явуулж буй үйл ажиллагааг АНУ аймаглан устгах бодлого гэж үзэж байгаа юм. Харин Хятадын эрх баригчид үүнийг эрс үгүйсгэсээр байгаа бөгөөд Шинжаантай холбоотой хэрэг явдал нь хүний эрх, угсаатны болон шашны асуудал огт биш, харин хүчирхийлэл, терроризм, салан тусгаарлах үзэлтэй холбоотой асуудал гэж мэдэгддэг юм.
Г.АМАРСАНАА