Categories
гадаад мэдээ

Их гүрний тэргүүнүүд Украины асуудлыг шийднэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нарын цахим уулзалт маргааш (2021.12.7) болно. ОХУ-аас цэргийн хүчээ Украины хилийн дагуу байршуулсан эгзэгтэй үед Байден, Путин нарын уулзалт олон улсын анхаарлыг татаж байна.

Барууныхны зүгээс Оросыг хэзээ мөдгүй Украиныг эзлэн түрэмгийлэх нь гэж хардан хариу арга хэмжээнүүдээ боловсруулж эхэлсэн бол Москвагийн зүгээс Умард Атлантын цэргийн эвсэл (NATO) ОХУ-ын хилд ойртсоор буй тул хамгаалалтаа чангатгаснаа тайлбарлажээ. Удирдагчдын уулзалтын гол мэтгэлцээн нь Путин үнэхээр Киев рүү дайрахаар бэлтгэсэн үү, эсвэл хөрш Украиныг “NATO”-гийн бааз болгохын эсрэг Байденыг дарамтлах зорилготой юу гэдгийг тодорхойлох. АНУ болон ОХУ-ын хооронд геополитикийн өргөн хүрээтэй санал зөрөлдөөн, маргаан байдаг.

Тухайлбал, хоёр орон Оросын тэрс үзэлтнүүдийг хатуу шийтгэдэг хүний эрхийн асуудлаас эхлээд Сирийн дэглэмийг дэмжсэн Москвагийн байр суурь зэрэг олон улсын асуудалд эсрэг байр суурьтай.

Харин ОХУ-аас 175 мянган цэрэг, армийн техникээ Украины хилийн дагуу төвлөрүүлсэн нь ирэх 2022 оны эхээр дайралт хийхээр төлөвлөж байна гэж АНУ-ын тагнуулын агентлагаас мэдээлжээ. Тагнуулын мэдээлэл АНУ төдийгүй Европ даяар түгшүүрт байдлыг үүсгээд байгаа юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *