Categories
гадаад мэдээ

Жо Байден, Владимир Путин нар цахимаар уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар мягмар гаригт цахим уулзалт хийхээр болжээ. “Хоёр орны удирдагчид АНУ-ОХУ-ын харилцаа, стратегийн тогтвортой байдал, кибер орон зай, бүс нутгийн асуудлууд зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр хэлэлцэнэ” гэж Цагаан ордны Хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. Мөн Жо.Байден Украины хилийн ойролцоо явуулж байгаа ОХУ-ын цэргийн ажиллагаанд санаа зовниж буй байр суурийг илэрхийлэхийн хамт АНУ Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа дахин нотолно гэдгийг Ж.Псаки цохон тэмдэглэсэн байна.

Тэгвэл баасан гаригт ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хоёр орны төрийн тэргүүн цахим уулзалтынхаа үеэр хоёр талын харилцаа хийгээд Афганистан, Иран, Украин, Ливи, Сири тэргүүтэй олон улсын тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулна гэж мэдэгджээ.

Үүний зэрэгцээ талууд стратегийн тогтвортой байдлын яриа хэлэлцээнд гарч буй ахиц дэвшлийн талаар, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ОХУ-ын санаачилгыг хэрэгжүүлэх асуудлыг хөндөх төлөвтэй байна гэж тэрбээр нэмж мэдэгдсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *